ӨМНӨГОВЬ: Ирэх онд 8 цэгт шинээр 4G сүлжээг оруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ "Нутгийн хишиг 2024" мөрийн хөтөлбөрийн хүрээнд 2022 онд Өмнөговь аймгийн хэмжээнд алслагдсан бүс нутгуудад 26 цэгт үүрэн сүлжээний 4G үйлчилгээг оруулахаар 4,6 тэрбум төгрөгийн төсвийг батлан төлөвлөгөөт ажлуудыг эхлүүлжээ.
Одоогоор 20 цэгт 4G сүлжээг бүрэн суурилуулж дууссан байна. Орон нутгийн Мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлэгч “Говийн анир” ХХК нээлттэй тендер шалгаруулалтад тэнцэж 12 цэгт 4G үүрэн сүлжээний дэд бүтэц, нарны зайн системийн угсралтыг хийхээр гэрээ байгуулан ажиллаж байна.
Алслагдсан хөдөөгийн нутаг дэвсгэр, багийн төвийг холбоожуулах, мэдээлэлжүүлэх зорилтыг батлан хэрэгжүүлж малчид хөдөө хонины бэлчээр дээрээсээ интернэт сүлжээнд холбогдож, дэлхий дахины мэдээллийг цаг хугацаа хоцрохгүйгээр авах, сургуулийн болон сургуулийн өмнөх насны хүүхдүүд алсын зайнаас боловсролыг эзэмших, малчид жи пи эс-д холбогдож мал сүргээ хянах, цаг агаарын мэдээг тухай бүрт нь авах зэрэг олон талт ач холбогдолтой юм.
Ирэх онд 8 цэгт шинээр 4G сүлжээг оруулбал Өмнөговь аймаг
бүрэн сүлжээнд холбогдож дуусна. Ингэснээр Монгол улсын хэмжээнд анхны 4G сүлжээнд бүрэн хамрагдсан аймаг болох юм.