ДАРХАН-УУЛ: Шинэ жилийн үйл ажиллагаа зохион байгуулах бус эмзэг бүлгийн өрхүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-12-09 18:32:30

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх шатны төрийн байгууллагууд төсвийн хөрөнгөөр болон албан хаагчдаасаа мөнгө хурааж шинэ жилийн үйл ажиллагаа зохион байгуулахгүй гэж аймгйин Засаг дарга Б.Азжаргал мэдэгдлээ.

Харин эмзэг бүлгийн иргэдэд туслах санаачилгыг дэвшүүлжээ. Ингэхдээ нийгмийн тусламж үйлчилгээ шаардлагатай иргэдэд хүрч ажиллах аж.


Нийгэм, эдийн засаг, үнийн өсөлт хүнд, цалин тэтгэвэр бага, өрхийн орлого нь амьдралдаа хүрэхгүй байгаа цагт баяр ёслол тэмдэглэх бус иргэдэдээ туслах, дэмжих шийдвэр гаргасныг дэмжиж ажиллахыг уриаллаа.

Аймгийн хэмжээнд 1300 өрх хүнсний талонд хамрагддаг байсан бол өрх бүрт мэргэжлийн байгууллагууд хүрч ажиллан, нарийн судалж оны төгсгөлд 216 болж бууруулжээ. Цаашид хүнсний талонд хамрагддаг өрхгүй болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна.



Гэхдээ тусламж, дэмжлэг шаардлагатай өрхүүд бий. Тухайн өрхүүдийг орхигдуулж болохгүй гэдгийг аймгийн Засаг дарга онцолж байлаа. Тиймээс хамгийн эмзэг бүлэгт амьдарч буй өрхийн судалгааг нарийвчлан гаргахыг ХХҮГ-т үүрэг болгосон аж. Нарийвчилсан судалгаагаар тусламж үйлчилгээ нэн түрүүнд шаардлагатай өрхүүдэд хэлтэс, агентлагууд дэмжлэг туслалцаа үзүүлэх бөгөөд нэг байгууллага таван өрхийн амьдрал, ахуйтай газар дээр нь танилцана. Тухайн таван өрхийн амьдралд хэрэгтэй болон нэн шаардлагатай зүйлээр туслалцаа үзүүлэх, цаашид тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор ажиллахыг уриалав.


Харин хувийн хэвшлийн ААНБ, ТББ-ууд, иргэд, анги хамт олон шинэ жилийн баяр тэмдэглэх нь чөлөөтэй аж.

Мөн УИХ-ын гишүүд, аймаг орон нутгийн удирдлагуудын иргэдтэй хийх уулзалт, цар тахал гэх мэт нийтийг хамарсан онцгой нөхцөл байдлаас бусад тохиолдолд бүх шатны төрийн албан хаагчдыг амралтын өдрүүдээр ажиллуулахгүй, ар гэртээ цаг гаргах боломж нөхцөлөөр хангахыг үүрэг болгов. Бага насны болон тусгай хэрэгцээт хүүхэдтэй албан хаагчдыг илүү цагаар ажиллуулахгүй байхыг бүх шатны төрийн байгууллагуудын удирдлагуудад онцгойлон анхаарууллаа.

Related news