БАЯНХОНГОР: Гэрэл зурагчид болон шувууны аялал сонирхогчдын "бай" ГАЛУУТЫН ХАВЦАЛ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Гүнзгий, эгц цавчим, давчуу хавцлаар голын ус эрчлэн хуйларсаар урсана. Энэ хавцлын эгц хажуугийн хад чулуунд үүссэн ялимгүй тавцангууд дээр хаврын цагт усны шувууд өндөглөдөг бөгөөд хавцлын дээрээс өнгийн харахад ширээн дээр цагаан будаа цацсан мэт цайран харагдах нь гойд сонин. Энэ ч утгаараа гэрэл зураг сонирхогчдын болон шувууны аялалд гойд нийцэх газрыг уншигчдадаа танилцуулъя.
Эл гайхамшигт байгалийн “үзэгдлийг” Баянхонгор аймгийн төвөөс 75 километр, Галуут сумын төвөөс баруун тийш 20 орчим километрт харж болно. Галуутын хавцал гэх үзэсгэлэнт, сонирхолтой тогтоц бүхий тус газар нь дотоод, гадаадын жуулчдын очих дуртай газрын нэг билээ.
Олгой нуураас Галуут гол тийшээ урсан гарахдаа хоёр километр орчим урт “Галуутын хавцал”-ыг үүсгэжээ. Галуутын хавцал нь дунджаар 200-400 метр гүн, 50-200 метр өргөн, эрс цавчим хажуу ханатай, хамгийн нарийн газраа дөнгөж 2-3 метр өргөн хадан боом болж ирсэн тэр хэсэгт ялангуяа гол ус үертэй үед хүчтэй сүрлэг хүрхрээ, боргио үүсдэг байна.
Хvйтэн тунгалаг гол цавчим сvрлэг хавцлын дундуур харгиатан урсахын хажуугаар Монголд байдаг шувуудын олон төрөл зүйл энд бий. Галуутын хавцлын эгц хажуугийн хад чулуунд үүссэн ялимгүй тавцангууд дээр хээрийн галуу, хар өрөвтас зэрэг шувууд өндөглөн зусдаг. Мөс ус, намгийн шувууд болон идлэг шонхор, бүргэд тохиолдоно.
Галуутын хавцлын тухай олон домог ард түмний дунд үеэс үед ам дамжин яригдсаар өнөөг хүрчээ. Тухайлбал:
Эрт дээр үед Цогтой гүний хошууны нутагт Олгой нуураас Хаалган ам хүртэл их устай маш том нуур байжээ. Тэр нуурыг Тоть нуур гэж нэрлэдэг байж. Гэтэл ганцхан шөнө хэнгэрэг цан дугаргаж, бүрээ бишгүүр хангинаж, хонь мал майлалдан, хүн амьтан шуугилдаад нэг их нүүдэл яваад өнгөрөх шиг болсон гэдэг. Маргааш өглөө нь харахад Тоть нуур савнаасаа халиад Бумбаны нурууг сэт татаж Хойд голд /Цагаан туруутын голд/ нийлсэн байжээ. Ийнхүү Галуутын хавцал үүсжээ.
Тоть нуураас үлдэж хоцорсон хонхор, хотгор газарт тогтсон ус цагийн эрхэнд ширгэж алга болсон бөгөөд зарим устай үлдсэн хэсэг нь Олгой нуур, Олон нуур, Холбоо нууруудыг үүсгэсэн юм гэнэ. Хаалган амны олон хонхор ч ийм байдлаар үүссэн гэдэг.