БАЯН-ӨЛГИЙ: Төрийн албан хаагчдыг хөгжүүлэх, нийгмийн баталгааг нь хангах хөтөлбөр батлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-12-12 15:29:11

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 11 дүгээр хуралдаанаар "Төрийн албан хаагчдын сургалт хөгжил, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах зорилтот хөтөлбөр"-ийг баталлаа.


Дээрх хөтөлбөр нь төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлэх, мэргэшсэн, ур чадвар бүхий төрийн албыг төлөвшүүлэх, төрийн бодлого, шийдвэрийн үр нөлөөг дээшлүүлэх зорилготой аж.


Тус аймгийн хэмжээнд нийт төрийн 179 байгууллагад 7018 төрийн албан хаагч ажиллаж байгаа. Үүнээс улс төрийн албан тушаалд 151, төрийн захиргааны албан тушаалд 499, төрийн үйлчилгээний албан тушаалд 6249 хүн ажиллаж байна.


Баян-Өлгий аймгийн хувьд хүний нөөцийн удирдлагын стратегийн механизм болон байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоо, албан хаагчдын шатлан дэвших тогтолцоо төлөвшөөгүй, удирдах албан тушаалтнуудын манлайллын чадавх сул, ажилтнуудын нийгмийн баталгааг хангах боломж нөхцөл хангалтгүй, хүний нөөцийн удирдлагын гадаад, дотоод хамтын ажиллагаа хөгжөөгүй зэрэг тулгамдсан асуудал олон байна.


Иймд дээрх хөтөлбөрийн хүрээнд 2024 онд хүртэл хүний нөөцийн цогц механизмыг төлөвшүүлэх, удирдах ажилтны манлайллын чадавхыг хөгжүүлэх, аймгийн хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, хангах, албан хаагчдыг сургаж хөгжүүлэх, шатлан дэвших зарчмыг хэрэгжүүлэх, ажиллах нөхцөлийг нь сайжруулж, нийгмийн баталгаагаар хангахад чиглэсэн ажлуудыг шат дараатай хэрэгжүүлэх ажээ. 

Related news