ӨВӨРХАНГАЙ: Томоохон голуудын мөсний зузаан олон жилийн дунджаас нимгэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-12-12 15:31:23

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэр дэх томоохон голуудын мөсний зузаан олон жилийн дунджаас нимгэн байгааг УЦУОША-аас мэдээллээ.


Хангай нуруунаас эх авдаг Орхон гол битүү мөсөн бүрхүүлтэй, Бат-Өлзий сумын орчим мөсний зузаан 48 см буюу энэ үеийн олон жилийн дундажтай харьцуулахад 5 см зузаан байгаа бол Хархорин сумын орчим мөсний зузаан 38 см буюу олон жилийн дунджаас 5 см нимгэн байна.

Хангай нурууны өврөөс эхтэй Онги гол Уянга сумын орчим мөсний зузаан 34 см, энэ үеийн олон жилийн дундажтай харьцуулахад 30 см нимгэн байгаа бол Арвайхээр сумын орчим мөсний зузаан 17 см буюу олон жилийн дунджаас 10 см нимгэн байна. Голын уртын дагуу мөсөн бүрхүүлтэй, харзтай байгаа аж.


Мөн Хангай нурууны хажуугаас усжих Таац гол нь Нарийнтээл сумын орчим мөсөн бүрхүүлтэй, харзтай, мөсний зузаан 25 см буюу олон жилийн дунджаас 5 см нимгэн байгаа бол Сангийн далай нуураас эхтэй Зэгстэй голын мөсний зузаан Өлзийт сумын орчим 27 см буюу олон жилийн дунджаас 5 см нимгэн байна.

Томоохон голуудын мөсний зузаан голын уртын дагуу харилцан адилгүй буюу олон жилийн дунджаас 5-30 см нимгэн байгаа тул мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг oнцгойлон анхаарууллаа. 

Related news