ӨМНӨГОВЬ: Хөнгөн атлетикийн баг тамирчид багийн дүнгээр IV байр эзэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2022-12-15 14:39:03

Өмнөговь /МОНЦАМЭ/  Монголын бүх ард түмний улсын анхдугаар спартакиадыг анх 1946 онд Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор хөнгөн атлетик, волейбол, хөл бөмбөг, дугуй зэрэг спортын 10 гаруй төрлөөр зохион байгуулж байжээ.


Энэ жилийн Монголын бүх ард түмний спортын XV их наадмыг улсын хэмжээнд гурван үе шаттайгаар олимпын 16, олимпын бус хоёр, оюун ухааны хоёр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зургаан төрлөөр Улаанбаатар хотноо зохион байгуулж 21 аймаг, есөн дүүргийн 4500 гаруй баг тамирчин 561 багц медалийн төлөө өрсөлдсөн юм. Монголын бүх ард түмний спортын наадам нь иргэдийг биеийн тамир, спортоор хичээллүүлэх, эрүүл чийрэг иргэнийг төлөвшүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, олимпын шигшээ багуудыг бүрдүүлэхэд онцгой ач холбогдолтой үйл ажиллагаа юм.

 

Тус наадамд Өмнөговь аймгийн баг тамирчид амжилттай оролцож 1 хүрэл медаль, Улсын аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээний 5 алт, 8 мөнгө, 6 хүрэл медаль  хүртэж багийн дүнгээр шагналт IV байрыг эзэлсэн байна.

 

Амжилт гаргасан биеийн тамирын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн хөнгөн атлетикийн багш дасгалжуулагч Г.Сайнхүү болон тамирчин сурагчдыг Даланзадгад сумын Засаг дарга Х.Батболд хүлээн авч уулзлаа. “Монголын бүх ард түмний XV их наадам”-д оролцож амжилт гаргасан тамирчдыг урамшуулан сумын “Эрүүл иргэн-Хөгжлийн тулгуур” хөтөлбөрөөс хөнгөн атлетикийн тамирчин сурагчдад нэн шаардлагатай байсан “Adidas” фирмийн “Шифи”-г гардуулан өгч амжилт хүслээ.

 

Тухайн наадмыг 2023 онд зохион байгуулах эрхийг Биеийн тамир спортын улсын хорооноос Орхон аймагт олгожээ.

 

Related news