ӨВӨРХАНГАЙ: Сүүлийн хоёр жилд 180 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Сүүлийн хоёр жилд аймгийн хэмжээнд улс, орон нутгийн хөрөнгө оруулалтаар 189.5 тэрбум гаруй төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлжээ.
Улсын төсвийн 8 тэрбум
төгрөгийн хөрөнгө оруулалтаар хоёр сургуулийн
барилга, хоёр сургуулийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулсан бол одоогоор
1200 хүүхдийн хүчин чадалтай дөрвөн сургууль барьж байна. Мөн 650 хүүхдийн
ортой зургаан цэцэрлэгийн барилга, 750 хүний суудалтай гурван спорт заал, хоёр
сургуульд номын сан, урлаг заал бүхий өргөтгөл, нэг дотуур байрны барилга
барьж байгаа аж.
Арвайхээр, Хархорин суманд 1,15 км хатуу хучилттай автозамыг явган болон дугуйн зам, ногоон байгууламж, гэрэлтүүлгийн хамт байгуулсан
ба хувийн
хэвшлийн хөрөнгө оруулалтаар сүүлийн хоёр жилд 486 айлын 21 орон сууцыг
ашиглалтад оруулжээ. Ирэх онд 165 айлын 6 орон сууцыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэйгээр барилгын ажлыг хийж байна.
Эрүүл мэндийн салбарт улс, орон нутгийн төсвийн 1.2 тэрбум төгрөгийн өртгөөр нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлж, 10 сумын Эрүүл мэндийн төвд туулах чадвар сайтай автомашиныг олгосон байна. Мөн улсын төсвийн 2.6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр аймгийн БОЭТ, Хархорин суманд “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг ашиглалтад оруулж, улсын төсвийн 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ангиографийн аппаратыг суурилуулан зүрх, судасны өвчлөлийг аймагтаа оношлох боломжтой болсон юм.
Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн
2021 онд 608,3 тэрбум, 2022 оны урьдчилсан дүнгээр 670.0 тэрбум төгрөгт хүрч, аж үйлдвэрийн салбарын нийт
үйлдвэрлэл 2021 онд 59,2 тэрбум, 2022 оны урьдчилсан дүнгээр 62.0 тэрбум
төгрөгт хүрч өссөн үзүүлэлттэй байна.