ДУНДГОВЬ: Мал, тэжээвэр амьтдын тооллогын явцад хяналт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-12-14 13:21:17
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 2022 оны жилийн эцсийн мал тэжээвэр амьтдын тооллого улс орон даяар 12 дугаар сарын 7-ноос эхэлж, Дундговь аймгийн 15 сумын 68 багт тооллого хэвийн явагдаж байна.

Аймгийн ЗДТГ-аас мал, тэжээвэр амьтдын тооллогын явцтай танилцах, хяналт хийх, зөвлөн туслах, мал тооллогын чанарыг сайжруулах зорилго бүхий 5 ажлын баг гарч, энэ сарын 12-ноос эхлэн таван чиглэлд ажиллаж байна.

Тооллогод малтай өрх, аж ахуйн нэгж байгууллага бүрийн өмчийн бүх хэвшлийн мал, тэжээвэр амьтдыг хамруулах ба энэ жилийн тооллогоор малтай өрх, аж ахуйн нэгж байгууллага бүрт биечлэн очих, мал, тэжээвэр амьтдыг нэг бүрчлэн нүдээр харж тоолох, малын тоог тооллогын маягтад бүртгэж, орлого зарлага, хөдөлгөөн, бусад холбогдох үзүүлэлтийг маллагч эзнээс асуун бүртгэж, эзэмшигчээр нь гарын үсэг зуруулах ёстой.

Мал тооллогыг явуулснаар мал, амьтдын тоо толгойн өсөлт, бууралт, сүргийн бүтцэд гарч буй өөрчлөлт, мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл зэргийг тооцож, улмаар мал аж ахуйн салбарын нэмэгдэл өртгийг тооцох боломж бүрддэг аж.

Түүнчлэн Хөдөө аж ахуйн салбарын талаар төрөөс баримтлах бодлого боловсруулж, малчдад даатгалын нөхөн төлбөр олгох, малын тоо толгойн татвар бүрдүүлэх, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, сүү, ноос, арьс ширний урамшуулал олгох, малчдын нийгмийн халамж, малчдын зээл, ажил эрхлэлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэх, орон нутгийн эдийн засгийн чадавхийг үнэлэх зэрэг өндөр ач холбогдолтой.

2022 оны жилийн эцсийн мал тэжээвэр амьтдын тооллого улс орон даяар 12 дугаар сарын 17-нд дуусах юм. 

Related news