ДУНДГОВЬ:Номтой нөхөрлөсөн багачууд Засаг даргын бэлгээр шагнуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-12-15 13:57:35
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Алдарт гавьяат уран зохиолч С.Буяннэмэхийн нэрэмжит аймгийн Номын сангаас номтой нөхөрлөж, байнгын үйлчлүүлэгч, уншигч багачуудын дунд “Номтой шинэ жил-2022” үйл ажиллагааг зохион байгуулж, шилдэг уншигчдаа тодрууллаа.

Номын сангаас жил бүр “Д.Нацагдорж тэмдэгтэн”, “Номын сайн нөхөр”, “С.Буяннэмэх тэмдэгтэн” хүүхдүүдийг шалгаруулж, уншигчдын шинэ жилийн баярын үеэр гардуулдаг уламжлалтай юм.  

Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, алдарт гавьяат уран зохиолч С.Буяннэмэхийн нэрэмжит “С.Буяннэмэх тэмдэгтэн” шагналыг хүүхэд багачуудыг дэлхийн болон Монголын ард түмний бичгийн их өв соёлтой танилцуулах, түүгээр дамжуулан зөв хүмүүжил төлөвшлийг олгон хөгжүүлэх зорилгоор 2014 оноос олгодог болж, түүнээс хойш 504 хүүхэд энэ шагналаар шагнуулжээ.

Энэ жил С.Буяннэмэхийн мэндэлсний 120 жилийн ой тохиож, энэхүү түүхэн ойг тохиолдуулан зарласан уралдаанд 15 сумаас 129 сурагч бүтээлээ ирүүлэн оролцсоноос 48 хүүхэд “С.Буяннэмэх тэмдэгтэн” болзлыг хангажээ.

Түүнчлэн 2022 онд хамгийн олон ном уншсан, ном унших эерэг дадлыг хэвшүүлсэн шилдэг уншигчдыг “Д.Нацагдорж тэмдэгтэн”, “Номын сайн нөхөр” шагналаар шагнаж, аймгийн Номын сангаас зарласан “Миний уншсан ном дүрслэх урлагт” сэдэвт бүтээлийн уралдааны шилдгүүдийг мөн тодруулжээ.

Номтой нөхөрлөж, шилдэг уншигч болсон бяцхан хүүхдүүдийн “Номтой шинэ жил”-ийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат оролцож, гарын бэлгээ гардуулсан байна. 

Related news