ДАРХАН-УУЛ: “Давшилтад” модон сийлбэр Дарханы музейн анхны үзмэр

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-12-15 14:40:23

Дархан-Уул /МОНЦАМЭ/.  Музей нь түүх, соёлын биет өвийг цуглуулах, хадгалах, хамгаалах, олон нийтэд таниулах үүрэгтэй чухал байгууллага. Ах, дүү орнуудын хамтын хүчээр сүндэрлэн боссон Дархан хотын музейг “Найрамдлын музей” нэртэйгээр анх байгуулж байсан түүхтэй. Музей 1968 оны хавраас эхлэлтэй бөгөөд анхны эрхлэгч томилогдож, музейн сан хөмрөг цуглуулах, тохижилт, дэглэлтийг хийж улмаар 1968 оны 12 дугаар сард тогтоол гарч “Найрамдлын музей” албан ёсоор нээлтээ хийжээ.




Тухайн бүс, нутаг орон, хотын үүсэл хөгжлийн түүх, өнгөрсөн үед ямар үйл явдал болж буйг илэрхийлэх бүтээлээр сан хөмрөгөө бүрдүүлж байжээ. Мөн социалист нийгэм гэгдэх тухайн үеийн уран бүтээлчид ихэвчлэн ардын хувьсгалын тэмцэл, ялалт, эх орны бүтээн байгуулалтад оролцож байсан хүмүүсийн дүрслэл, гавьяат үйлсийг мөнхлөн үлдээж байжээ. Түүний нэгэн илрэл нь Дархан хотын музейн анхны үзмэр юм.


Архангай аймгийн Хашаат сумын харьяат сийлбэрч Л.Чуваамэдийн “Давшилтад” модон сийлбэр нь 700101 бүртгэлтэйгээр Найрамдлын хотын музейн анхны үзмэрээр бүртгэгджээ.


Уран сийлбэрч Л.Чуваамэдийн тулалдаанд давшин орж буй монгол, орос хоёр морьт цэргийг харуулсан сийлбэр нь 45*46 хэмжээтэй бөгөөд 1968 онд бүтээсэн аж. Сийлбэрт монгол цэргийг сэлмээ далайснаар, орос цэрэг зэвсгээ авахаар зэхэж буйгаар зохиомжилсон ба тэдний хурдлан давхих морьдын туурайгаар тоос шороо хуйлран боссоныг монгол зургийн аргаар угалзруулан сийлжээ.



Цэргүүдийн өмссөн хувцас, нүүр царай, бие бялдар болон морьдын хөдөлгөөн зэргийг тун ч нарийн сийлж урласныг дэрвэн хийсэх хормойны хуниас, нугалаа, хүмүүсийн нүүр царайны хувиралт, дүрэмт хувцасны онцлог, морьдын дэл, сүүл, булчин, тоноглол хэрэгслүүд илтгэдэг аж. Суурь тавиурын урд гамин цэргийн малгай, сэлэм хоёрыг газар унаснаар дүрслэн урласан нь харийн дайснаас эх орноо чөлөөсний бэлгэдэл гэж үздэг аж.

Монгол орныг харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөх ардын хувьсгалд монгол, орос цэргүүд мөр зэрэгцэн тулалдаж, ах дүүгийн найрамдалт харилцааны эхлэлийг өгүүлсэн олон бүтээлийн нэг нь “Давшилтад” модон сийлбэр гэж уран бүтээлчид үздэг ажээ.




Уран сийлбэрч Л.Чуваамэд нь тухайн бүтээлдээ зориулж шүлэг хүртэл бичсэн аж.

“Давшилтад” шүлэг


Энэ зууны эхэнд

Эргэх цагийн хүрдэнд

Ар Хиагтын нутагт

Аргамаг хөлгийн нуруун дээр

Атаатан дайсны дарж авсан

Адуун хүлгийн минь хийморь сүлд

Ахан дүүсийн дайчин түүхийг дүрслэв хэмээжээ.




Монгол Улсын Ардын зураач Лэгшидийн Чуваамэд нь эх орон, ард түмнийхээ түүх соёл, хөгжил цэцэглэлт, өвөрмөц ахуй амьдралаас бахдан харуулсан бүтэн болон хагас сийлбэр олныг бүтээж үндэсний урлагийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан аж. Түүний бүтээлүүдийн дүр, дүрслэлийн салшгүй нэгэн хэсэг нь уламжлалт хээ, угалз юм.

Тодруулбал, 1974-1975 онд Гэрлэх ёслолын ордны дотоод засал, тэр дундаа ёслолын хаалга, ширээ, сандлын бүхий л уран сийлбэрийн бүтээлүүдийг хийжээ. Мөн 1998 онд Монголын хүүхдийн ордны дотоод засал чимэглэл, 2010 онд сүм, дугануудын олон бурхныг сэргээн засварлах, шинээр бүтээх ажлуудын баг хамт олноо удирдан хийж гүйцэтгэжээ.




Түүнчлэн Л.Чуваамэд нь Дундад Азийн уран барилгын чимэглэлийн гол арга болсон “Ганчи” хэмээх урлагт суралцан, Монголдоо амжилттай нэвтрүүлснийг Төрийн ордны ёслолын танхимуудаас харах боломжтой ажээ. Нарийн чимхлүүр ажиллагаа шаарддаг сийлбэрийн урлагийг гарамгай эзэмшсэн түүний урын санд сэтгэлийн дуудлагаар болон захиалгаар урласан 1000 шахам бүтээл байдаг нь бүртгэгджээ.

 

Related news