СҮХБААТАР: Т.Баттүвшин: Сумын цагдаагийн байгууллагад дан ажилласан гэдгээрээ өөрийн түүхээ бүтээхийг хүсдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-12-19 17:04:19

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Асгат сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Т.Баттүвшинтэй ярилцлаа. Тэрбээр цагдаагийн байгууллагад 19 дэх жилдээ зүтгэж яваа эгэл жирийн алба хаагч. Түүний бусад алба хаагчдаас ялгарах онцлог нь тэрбээр энэ хугацаанд дан хөдөө сумдад ажиллажээ. Т.Баттүвшин бусдадаа хүндлэгдсэн нэгэн аж.


-Яагаад цагдаа болсон юм бэ? Цагдаагийн байгууллагад хэдэн жил ажиллаж байна?

-Цагдаагийн байгууллагад 19 дэх жилдээ ажиллаж байна. Анх 2000 онд Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт дагалдах ажилтнаар ирж байлаа. 3 сар дагалдан хийгээд 2000 оны намар цагдаагийн анхан шатны курст явах байсан ч чадаагүй. Ингээд Мөнххаан суманд очоод дахиад гурван жил дагалдан хийсэн. Ямар ч цалин мөнгөгүй, сэтгэлээрээ л ажиллаж байлаа. Тухайн үед надад нэг мотоцикл байсан. Тэрийгээ унаад л хаа сайгүй давхина шүү дээ. Цагдаа болох чин хүсэл эрмэлзэл байсан учир шантралгүй ажилласаар өнөөдрийн зэрэгт хүрсэн дээ.


-Юу таны хүсэл сонирхлыг тэгж их татав?

-Ер нь хар багаасаа л цагдаа болно гэж ярьдаг, жаахан хүүхэд савхин куртиктээ ногоон мөрдөс хадчихаад явдаг байсан гэдэг. Нэг өдөр аавын маань найз манайд ирээд явахдаа надад цагдаагийн малгай өгч байсан юм. Тэр үеэс хойш малгайнаасаа салаагүй юм даг. Ер нь манай удамд цагдаагийн хоёр хүн байсан. Нэг ах маань албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан. Ах нарыгаа хараад л бүрмөсөн шийдсэн дээ. Ахынхаа үйл хэргийг гүйцээж, энэ албаны нэр төрийг өндөрт өргөж явахыг хүссэн байх.


-Цагдаагийн байгууллагад 19 жил ажиллахдаа нэг ч удаа аймгийн төвд ажиллаагүй гэсэн. Хаана хаана ажиллав?

-2004 оны 4 дүгээр сарын 1-нд албан ёсоор энэ албанд орох тушаал гарч, 10 хоногийн дараа шууд Мөнххаан суманд хэсгийн цагдаагаар томилогдож байлаа. Түүнээс хойш дан хөдөөгүүр явсан даа. 2004-2005 онд Мөнххаан, 2005-2008 онд Түмэнцогт, 2008-2009 онд Наран, 2009-2014 онд Сүхбаатар, 2014 оноос хойш одоог болтол Асгат суманд ажиллаж байна. 19 жил болохдоо нэг ч жил төвд ажиллаж үзээгүй. Цугларалт, сургалт гээд шаардлагатай үед ирэх, постод гарах үе байдаг ч яг тогтвор суурьшилтай ажилласан үе байдаггүй. Энэ бол миний бас нэг онцлог юм болов уу гэж боддог.


-Яагаад ингэж дандаа хөдөө суманд ажилладаг юм бэ? Хүн болгон л төв бараадахыг боддог шүү дээ?

-Би өөрөө унаган хөдөөний хүүхэд л дээ. Магадгүй энэ маань нөлөөлсөн байх. Ер нь тэгээд хөдөө л хамгийн сайхан санагддаг. Улирлын цугларалт, сургалт гээд хааяа ирж долоо хонох юм бол бушуухан л хөдөө гэрлүүгээ явмаар санагдаад яарчихдаг. Зарим үед аймгийн төвийн ажил дууслаа л бол орой ч хамаагүй сумруугаа гараад давхичихдаг. Ирээд л сумаа нэг тойрч нөхцөл байдлыг ажиглачихаад кубондоо орж ирээд хэвтэх ч бас л их жаргал шүү дээ. Нэг тийм тайван, амгалан мэдрэмж төрдөг юм. Яагаад ч юм сумын цагдаа хүн бүрт хүрч ажилладаг, бүх зүйлтэй илүү ойр байдаг нь намайг илүү татдаг ч байж магадгүй. Төвийн цагдаа нар бол чиглэл чиглэлээрээ л ажиллана. Харин хөдөөнийхөн бол бүх чиглэлээр ажиллана шүү дээ. Ингэхээр хөдөөд өөрийгөө хөгжүүлэх боломж илүү байна гэж би хардаг. Тал талын мэдлэг, мэдээлэлтэй болно.


-Гэр бүлийнхэн тань хамт л явдаг уу?

-Анх дагаад л явдаг байсан. Одоо бол аймгийн төвд суурьшсан. Хүүхдүүд маань ч том боллоо. Би чинь ажлаа хаяад хамаагүй явж болохгүй болохоор эхнэр хүүхдүүд маань амралтын өдрүүдэд надруу ирдэг. Эхнэр маань ажлыг минь ойлгож хүндэлдэг болохоор л энэ олон жил хөдөөгүүр ажиллаж явна. Гэхдээ л эмэгтэй хүн сумаас сум дамжаад явах тийм ч таатай биш. 2020 онд байх аа, нэг удаа надад, би чамайг дагаад яг 10 гаруй жил хөдөөгүүр явлаа. Өөрийн мэргэжлээрээ ч ажиллаж чадахгүй, ямар ч тогтвор суурьшилгүй, очсон газар бүртээ хүний оронд ажиллана. Надад өсөж дэвших боломж ч алга. Одоо төв рүү оръё гээд шууд тулгаж билээ. Би ч яахав эхнэрээ ойлгож байгаа ч дотроо бол “би өөрөө явахгүй дээ” гэсэн бодолтой л байгаа юм чинь. Тэгээд л эхнэр хүүхдүүдээ аймгийн төв рүү оруулсан даа.  Би ч одоо удахгүй тэтгэвэртээ гарна. Нэгэнт 19 жил ажиллачихаад одоо төв рүү ороод ч яах юм. Хөдөө сумандаа иргэдийнхээ дунд ажиллаж байгаад тэтгэвэртээ сууна гэж боддог. Насаараа хөдөө ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан гэдэг бас нэг түүх юм даа. Би ямар мөнх биш. Хүн гэдэг өөрөө өөрийнхөө түүхийг л бүтээдэг. Тиймээс ингэж тэмдэглэгдэн үлдэх түүхээрээ би, миний гэр бүл үр хүүхдүүд бахархах болно.


-Гэр бүлээ танилцуулаач?  

-Манайх ам бүл дөрвүүлээ. Эхнэр, хоёр хүүгийн хамт амьдардаг. Хамт ч гэж дээ сүүлийн хоёр ажил ганцаараа амьдарч байна даа /инээв/. Том хүү маань бас цагдаа. Одоо Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн хэлтэст ажилладаг. Маш удаан бодож, хэдэн удаа хөрвөж өөрчлөгдөж байж аавынхаа мэргэжлийг сонгосон доо. Аавынхаа мэргэжлийг өвлөсөнд нь их баяртай байдаг. цагдаагийн алба аавын хүү болгоны хийдэг ажил биш л дээ.


-Хэсгийн цагдаа яг юу хийдэг юм бэ. Учир нь та бүхний ажлыг мэдэхээс мэдэхгүй нь их байх?

-Баярлалаа. Нээрээ л цагдаа л гэхээс яг юу хийдгийг мэдэх нь цөөн байх. Ялангуяа сумын төвийн хэсгийн цагдаагийн ажлыг бүр ч мэдэхгүй. Бид чинь тэгээд хүн байцааж мэдүүлэг авахаас бусад бүх л ажлыг хийнэ шүү дээ. Дуудлага, эргүүл, урьдчилан сэргийлэх, хэрэг илрүүлэх, нийгмийн хэв журам хамгаалах гээд л. Бүр замын цагдаагаа хүртэл хийнэ. Хамгийн гол нь хүн аливаа зүйлийг багаас, анхан шатнаас нь эхлэх ёстой гэж би боддог. Юм суръя, цааш хөгжиж дэвшье гэж бодож л байгаа бол хөдөө ажиллах хэрэгтэй гэж зөвлөдөг. Ялангуяа цагдаа хүнд. Өглөө сэрээд л иргэнтэй тулж харьцдаг болохоор харилцаа хамгийн чухал. Би цагдаа гээд бааварлаад байж огт болохгүй. Цагдаа ч гэсэн хүн. Тэгэхээр хүн хүнээрээ л байх ёстой. Нөгөө талаас өсөж дэвшихийг хүссэн хүн хэсгийн цагдаагаас ажлаа эхлэх нь хамгийн зөв. Эндээс л бүхнийг сурна шүү дээ. Тухайн хүн өөрөө л хичээх юм бол өсөх хамгийн боломжтой алба.


-Таны хувьд энэ албанд 19 жил ажилласан гэлээ. Өсөж дэвших бодол төрдөг үү?

-Миний хувьд албан тушаал хөөх, цол нэмэх сонирхол яг үнэндээ байдаггүй. Надад боломж байгаагүй биш байсаан. Гэхдээ би хүсээгүй, зүгээр л өнөөг хүртэл өөрөөрөө л байж ирсэн. Урдах ажлаа хийсэн шиг хийгээд, мэргэжилдээ эзэн нь байх л сайхан. Энэ чанараараа ч би бахархдаг. Бодит байдал дээр нэг их гоё ганган их дээд сургууль төгссөн, офицер цолтнууд байдаг ч мэдлэг, ур чадварын хувьд ахлагчаасаа дутахгүй байх тохиолдол байдаг. Яахав суралцаад яваандаа сайжирна л даа. Гэхдээ хүний хуримтлуулсан дадлага туршлага гэдэг ямар ч сургуулийн боловсролоос илүү гэж би боддог. За тэгээд олондоо хүндлэгдэж, хайрлагдаад албаныхаа нэр төрийг өндөрт өргөж явахад мөрөн дээр хэдэн зураас байх хамаагүй л дээ. Би нэг зүйлийг бардам хэлж чадна. Би хаана ч очсон цагдаа гэдэг нэрийг өндөрт өргөж, үүргээ нэр төртэй гүйцэтгэж яваа. Энэ олон жил дамнан ажилласан сумдын маань хүмүүс ч хэлэх байх. Энэ бол миний хувьд хамгийн том шагнал юм даа. Мөрдөс нэгт найз нөхөд, хамт олон, дүү нар иргэд гээд хүн бүр намайг чи сэтгэлээсээ хүндэлж байгааг мэдрэхээр би өөрөө өөртөө, эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байж чадаж дээ л гэж боддог.


-Цагдаагийн албанаас ямар цолтой гарах нь биш хэн болж үлдэх нь чухал гэсэн үг үү?

-Яг тийм. Хожим намайг ямар хүн байснаар дүгнэхээс биш ямар цолтой, ямар албан тушаалтай байсныг хэн ч дурсахгүй. Миний ганц зарчим бол энэ. Хүн байх...


-Хөдөө суманд 19 жил ажиллахад юу эсийг үзэх билээ. Сэтгэлд тань үлдсэн сайн, саар маш олон дурсамж бий байх?

-Тэгэлгүй яахав. Өнгөрсөн хугацаан дахь дурсамж, түүх гэвэл би өөрөө л юм даа. Сэтгэлд тод үлдсэн явдал гэвэл, цагдаагийн байгууллагад ороод удаагүй байхдаа айлын гэр шатсан дуудлагад очиж байлаа. Түлэгдсэндээ цасанд хөрвөөгөөд осгочихсон нүцгэн, настай эгчийг энгэртээ тэврээд сууж байхдаа л амьдралын мөн чанар, үнэ цэнийг ёстой нөгөө яс махандаа шингэтэл гэдэг шиг мэдэрч билээ. Би ч залуу байж. Гэхдээ л би тэндээс хүн хүнээ хайрлахаас эхлээд их зүйлийг ойлгож, ухаарсан. Түүнийгээ ажилдаа ч амьдралдаа ч хэрэгжүүлэхийг хичээдэг. Таны хэлсэнчлэн бид сайн, саар олон зүйлтэй нүүр тулдаг. Тэр болгонд хүн чанараа гээхгүй байх л хамгийн чухал.


-Туршлага дутуугаасаа эсвэл омголон зангаасаа болж алдах үе цагдаа нарт байдаг шүү дээ. Тэр болгонд хүмүүсийн уур бухимдал, нийгмийн стресс бүх цагдаа нарын нуруун дээр ирдэг. Үүн дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Эмнэлэг, цагдаагийн ажилтнууд бол хамгийн хүнд болоод хамгийн баатарлаг үйлсийг бүтээгчид гэж би боддог. Яахав нийгэм цаг үеийн байдлаас шалтгаалж цагдаа нар муу нэр зүүх нь бий. Гэхдээ нэг гоё үг байдаг даа. Та цагдаагүй нийгэмд амьдарч байна гэж төсөөлөөд үзээрэй гээд. Нээрээ л өнөө үед цагдаагүй нийгэмд нэг хоног ч тайван амьдрах хэцүү. Тэгэхээр энэ албаны сайн сайхныг нь илүү их олж хардаг байгаасай.  


-Анх цагдаа болж байсан үе, өнөөгийн үеийн ажиллах нөхцөл бол мэдээж өөрчлөгдсөн. Сумдад ажиллаж амьдрах боломж нөхцөл хэр байна?

-Ажлын нөхцөл мэдээж тэнгэр газар шиг ялгаатай болсон. Анх цагдаа болж очоод сурагчдын дотуур байрны нэг өрөөнд байдаг байлаа. Тухайн үед 57 мянган төгрөгийн цалинтай. Эхний хэдэн сар цалингаа юунд зарцуулахаа мэдэхгүй сумынхаа нэг эгчид зээлүүлчихэж билээ. Одоо бол цалин хангалт сайн, сум болгон цагдаагийн байр, машинтай болсон. Би хүүхэд залуучуудад дандаа хэлдэг юм. Хэрвээ чи цагдаа болъё гэж бодож байгаа бол өөрийгөө, биеэ л сайн бэлд бусдыг нь бүгдийг төр хариуцна гэж. Төрөөс цагдаа нарын нийгмийн баталгааг хангах чиглэлээр сүүлийн жилүүдэд маш сайн анхаардаг болсон. Төр засагтаа, албандаа талархъя.


-Хамт олон бол хүний хоёр дахь гэр бүл байдаг. тэтгэвэртээ гарах нь гарч, шин залуу албан хаагчид ирнэ. Маш өнөр хамт олны дунд та амьралынхаа 20 жилийн өнгөрөөж шүү дээ?

-Ёстой тийм шүү. Одоо ч би удахгүй ахмадуудынхаа эгнээнд шилжлээ дээ. Манай байгууллага одоо ч ахмадуудтайгаа байнгын эргэх холбоотой байж, тэднийхээ үгийг тогтмол сонсдог. Тэгэхээр тэтгэвэртээ суусан ч албанаасаа салахгүй байх. 20 жил амжилттай ажиллаж өдий хүрсэн нь хувь хүний хичээл зүтгэл хэдий ч үе үеийн удирдлагууд, хамт олны минь дэмжлэг их. Энэ ташрамд үргэлж миний талд зогссоор ирсэн хамт олондоо, найз нөхдөдөө, гэр бүлийнхэндээ мөн очсон газар бүрт минь халуун дотноор хүлээн авч хамтран ажиллаж байсан удирдлага, иргэддээ маш их баярлалаа гэж хэлье. Монгол Улсынхаа төлөө зүтгэе.

-Баярлалаа.

Related news