ӨВӨРХАНГАЙ: Сургууль, цэцэрлэгийн 612 багшид 649 сая төгрөгийн урамшуулал олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-12-21 18:22:40

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Боловсролын байгууллагын удирдах ажилтнуудын сургалт, зөвлөгөөн өнөөдөр болж, сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчид, сургалтын менежер зэрэг 120 хүн оролцлоо. Зөвлөгөөнөөр боловсролын салбарт хэрэгжиж буй хууль тогтоомж, журам, хүүхдийн хөгжил, хамгаалалтай холбоотой олон асуудал яригдсаны нэг нь төсвийн шинэчлэлийн тухай байв.

Засгийн газар, салбарын яам, орон нутгаас өмнөх жилүүдэд боловсролын байгууллагын барилга, байгууламжид илүүтэй анхаарч ирсэн бол энэ жилээс сургалтын чанарт онцгой анхаарч байна. 



2022 онд сургууль, цэцэрлэгийг хагас бие даасан тогтолцоонд шилжүүлж, нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын санхүүжилтын аргачлалыг шинэчилсэн. Энэ хүрээнд сургууль, цэцэрлэгийн санхүүжилт, багш нарын цалин урамшууллыг сургалтын чанар, үр дүнтэй нь уялдуулж олгодог болсон.


Аймгийн Засаг дарга А.Ишдорж энэ чиглэлээр тодорхой мэдээлэл өгч, зарим зүйлийг анхаарууллаа. 


Тухайлбал, төсвийн эрх мэдэлтэй хамт үүрэг хариуцлага ирсэн. Сургууль, цэцэрлэгийн удирдлагууд ашиг сонирхлын зөрчлөөр хүн ажилд авбал, багш нар ёс суртахууны алдаа, доголдол гаргавал өндөр хариуцлага хүлээнэ гэдгийг сануулсан юм.


Мөн боловсролын төсвийн шинэчлэлийг аймаг, орон нутагтаа амжилттай хэрэгжүүлэхийн тулд багш нараа чадавхжуулах, тогтвортой ажиллуулах, ажлын чанар, гүйцэтгэлээр үнэлж урамшуулдаг байх, тойргийн хүүхдүүдээ өөр сум, сургууль руу алдахгүй байх шаардлага үүсэж байгааг хэлэв.



Одоогоор ажлын амжилт, чанарын үр дүнгээр сургууль, цэцэрлэгийн 612 багшид 649 сая төгрөгийн урамшуулал олгоод байна. Мөн байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр 11 сургууль, 24 цэцэрлэгт 734 сая төгрөгийн урамшууллыг олгосон байна. Багш нарын дундаж цалин 1.4 саяд хүрсний дээр үнэлгээний шалгуур хангасан багш нар улиралд 10-25 хувийн нэмэгдэл авч байна. 




Related news