ӨМНӨГОВЬ: Хугацаат цэргийн албан хаагчдын дунд спорт өдөрлөг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2022-12-26 16:25:16

Өмнөговь /МОНЦАМЭ/ Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 167 ангийнхан хугацаат цэргийн алба хаагчдынхаа урлаг, спортын ур чадварыг нэмэгдүүлэх, баг хамт олонч уур амьсгалыг бэхжүүлэх хүрээнд олон үйл ажиллагааг зохион байгуулж байна.

 

Тус үйл ажиллагааны хүрээнд 12 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Хилийн цэргийн 0131 дүгээр ангитай хамтран хоёр ангийн хугацаат цэргийн алба хаагчдын дунд спортын тэмцээн зохион байгууллаа.

 

Тэмцээн сагсан бөмбөгөөр эхэлсэн бөгөөд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн дайчдаас тэргүүн байрт дэд түрүүч Б.Энхтүмэнлуу ахлагчтай Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдын нэгдүгээр баг, дэд байрт байлдагч Э.Түвшинбаяр ахлагчтай хоёрдугаар баг шалгарав.

 

Волейболын тэмцээнд дэд түрүүч М.Бямбарагчаа ахлагчтай Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдын нэгдүгээр баг, дэд байрт мөн л тус ангийн дэд түрүүч Б.Дүүрэнбаяр ахлагчтай хоёрдугаар багийнхан тодорч, шагналын эзэд боллоо.

 

Цогцолбор тэмцээний дараа Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагчид Зэвсэгт хүчний 167 дугаар ангид зочилж, мөрдөс нэгт нөхдийнхөө цэргийн байр, соёл амралтын өрөөгөөр саатаж, нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлсэн юм.

 

Тус үйл ажиллагааны зорилго нь эх орны дархан хилээ сахин хамгаалж байгаа хугацаат цэргийн алба хаагч нарын сэтгэл зүйг дэмжих итгэл үнэмшлийг нэмэгдүүлэн нийгэмшүүлэхэд оршиж байгаа юм. 

Related news