БАЯНХОНГОР: Ажил асуудлаа эрэмбэлэн, шат дараатай шийдэхийг зөвлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-12-27 16:06:11

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан,  БШУГ-ын дарга Ж.Алтанцэцэг, БТСГ-ын дарга Б.Оюунбаатар, "Жаргалтай амьдрал" төвийн их эмч Б.Мөнхсүлд нар  Заг суманд өнөөдөр /2022.12.27/ ажиллаж байна.


Заг сум аймгийн төвөөс 160 км зайд орших Заг сум нь 2139 хүн амтай, 124 мянган толгой малтай. Өвөлжилт хүндрэх төлөв байдлаас үүдэн 50 мянга орчим малыг эдийн засгийн эргэлтэд оруулжээ. 


Ажлын хэсгийнхэн Заг сумын Засаг дарга Т.Нямжаргал, сумын удирдлагуудтай уулзан өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцан, өвс тэжээлийн шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхээр болов. Мөн сумын эмнэлэг, сургууль, цэцэрлэг, соёлын төв, уурын зуухны үйл ажиллагаатай  танилцаж, сургуулийн багш нартай уулзалт хийж, тэдний санал хүсэлтийг сонсож,  цаг үеийн хийж хэрэгжүүлж буй ажил, бодлого төлөвлөлтийн талаар мэдээлэл хийсэн юм.  

Заг суманд 240 хүний суудалтай Соёлын төв өнгөрөгч жил ашиглалтад орсон бол 160 хүүхдийн бага сургуулийн барилгыг барьж байна. Сургуулийн барилгын ажил удаашралтай байгааг сум орон нутгийнхан шүүмжилж, нэгдсэн халаалтын систем тааруугаас үүдэж албан тасалгаандаа гадуур хувцастайгаа өвөлжиж  буйгаа ярьж байв. 

Аймгийн удирдлага ирэх онд гүүрийн засвар, сумын  сургуулийн орчин нөхцөлийг сайжруулахад  дэмжлэг үзүүлж, төрийн байгууллагын нэгдсэн халаалтын түвшинг яаралтай нэмэгдүүлэх, сургуулийн барилгын явцыг шуурхайлахад анхаарч ажиллахыг үүрэгдэв. Мөн ирэх жилээс орон нутагт нэн шаардлагатай асуудлаа сумаараа хэлэлцэж эрэмбэлэн, шат дараатайгаар төлөвлөн хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг сумын удирлагуудад чиглэл болголоо.


Энэ үеэр БШУГ-ын дарга Ж.Алтанцэцэг Заг сумын багш нарт МУЗГ-аас хэрэгжүүлж буй шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боловсролын шинэчлэлийн асуудлаар мэдээлэл хийж, УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар хэрэгжүүлж буй багш нарыг компьютержуулах төслийн хүрээнд сургууль цэцэрлэгийн багш нарт сүүлийн үеийн өндөр үзүүлэлт, хүчин чадал бүхий зөөврийн компьютерийг гардуулав.

Related news