ЗАВХАН: Цахим сургалтын системд хичээл байршуулсан багш нарыг урамшуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-12-27 16:07:56

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн ерөнхий боловсролын сургуулийн багш нарт зөөврийн компьютер гардууллаа.

Ерөнхий боловсролын суралцагч бие даан суралцах, мэдлэг чадвараа бататгах үйлийг дэмжих. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн үед хичээл сургалтын тасралтгүй байдлыг хангах. Багш хичээл сургалтыг зайнаас зохион байгуулах. Эцэг, эх асран хамгаалагч нар хүүхдийнхээ сурах үйлийг дэмжихэд ашиглах нэгж хичээлийн “MEDLE.MN цахим сургалтын нэгдсэн систем”-д ээлжит хичээлийн контентыг байршуулж, нийтийн хүртээл болгож байгаа багш нарыг аймгийн ЗДТГ-аас урамшууллаа.

Цахим сургалтын нэгдсэн системд Улиастай сумын ерөнхий боловсролын лаборатори Чандмань-Эрдэнэ сургуулийн Б.Нямдаваа ахлагчтай математикийн багш нарын баг 17, Монгол хэл бичгийн багш Д.Юнрэндорж 15, С.Бямбахүү ахлагчтай бага боловсролын багш нарын баг 14 хичээлийг байршуулжээ. Харин Ч.Ерөөл ахлагчтай англи хэлний багш нарын баг 10, Улиастай сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн Б.Цэрэндэжид ахлагчтай химийн багш нарын баг 10, Улиастай сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн Ж.Өнөржаргал ахлагчтай англи хэлний багш нарын баг 10 хичээлийг мөн нэгдсэн системд байршуулсан байна. Мөн математикийн багш Д.Уугантуяа 10, Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуулийн Г.Цэрэндолгор ахлагчтай бага боловсролын багш нарын баг 29, Г.Оюунгэрэл ахлагчтай мэдээллийн технологийн багш нар 14, дүрслэх урлагийн багш Г.Оюунжаргалын баг 11 ээлжит хичээлийн контентыг тус тус байршуулж, зөөврийн комьютерээр шагнууллаа. Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргалын санаачилга, дэмжлэгээр “Чадварлаг багш” арга хэмжээг аймгийн хэмжээнд тусгай хөтөлбөрийн дагуу явуулж байгаа бөгөөд, 2023 онд багш нарыг зөөврийн компьютерээр хангахад илүү анхаарч ажиллана гэдгээ аймгийн Засаг дарга энэ үеэр онцолсон.

Цахим хичээл нь багшаас илүү хөдөлмөр шаарддаг

Цахим сургалт, теле хичээл нь өнөөдөр эцэг, эхчүүдийн дунд сайн, муу гэсэн олон үнэлгээтэй байдаг.

Тиймээс СӨБ, ЕБС, их, дээд сургуулийн багш нар цахим хичээлийг хэрхэн сонирхолтой байдлаар бэлтгэх вэ, цахим хичээлд өргөн хэрэглэгдэж буй программуудыг багш бүр эзэмших зайлшгүй шаардлага тулгарч байна.  Дэлхий нийтээрээ цахим хичээлийн систем рүү шилжиж байна. Багш нарын хичээлээ заах, хүргэх арга барил янз бүр байна. Багш нарт маань тулгамдаж байгаа томоохон асуудал нь цахим хичээл бэлтгэх програм дээр хангалттай ажиллах. Тэдгээрийг үр дүнтэй  хэрэглэх чадвар харилцан адилгүй байна. Гэхдээ цахим сургалтын системд багш нар багаараа ажиллаж амжилт гаргаж байгаа нь сайшаалтай. Багш нарын хамтын хичээл зүтгэлээр сурагчдын идэвхи оролцоог хангасан цахим хичээлүүд бэлтгэгдэн гарч байна. Сурагчидтай холбоотой ажиллаж хичээлээ бие даан үзэж судлах, асууж тодруулах зүйлд нь дэмжлэг үзүүлж ажиллах арга зүйгээ олсон байна.

Мөн сурагчдын эцэг, эхэд хичээл судлах сэтгэлзүйн болон материаллаг орчныг  бүрдүүлж ажиллахыг зөвлөх зэргээр багш нар хамтын ажиллагаагаа сайжруулж байна. Ер нь цахим орчинд суралцагчид төвөггүй ойлгогдохуйц байдлаар хичээлээ төлөвлөн, харилцан адилгүй мэдлэгтэй суралцагчдад тохируулан өргөн цар хүрээнд харж арга зүйгээ боловсруулж чадсан эсэхээр цахим хичээлийн үр дүнг дүгнэж үздэг. Өөрөөр хэлбэл багшийн шууд оролцоо дэмжлэггүйгээр суралцагч таны хичээлийг үзэж судлаад тухайн хичээлийн агуулгаа бүрэн эзэмшиж авч чадаж байвал тэр сайн хичээл гэж үзнэ. Үүний тулд багш хичээлээ төлөвлөх, боловсруулах олон талт ажиллагааг сайн хийх шаардлагатай болдог учраас  цахим хичээл нь багшаас илүү хөдөлмөр, чадвар, туршлага шаарддаг онцлогтой. Өнөөдөр зөөврийн компьютерээр шагнуулж буй багш нар маань өөр өөрийн гэсэн арга туршлагаар цахим хичээлийг үр дүнтэй бэлтгэж байршуулсан байна гэж аймгийн БШУГ-аас нэмж мэдээлэв. 

Related news