ЗАВХАН: Улаан хальст саримсны ургацын хэмжээ 18.8 тонноор нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-01-03 17:26:47

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймаг, өөрийн брэнд болох улаан хальст саримсны тариалалтыг нэмэгдүүлэх дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 

Завхан аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Завханы улаан хальст саримс"-ны тариалалтыг нэмэгдүүлнэ” гэж тусгаж ажил хэрэг болж байна. Тус аймаг “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд нэгдэж байгаа. Тиймээс бодлогоор Завханы Улаан хальст саримсны тариалалтыг орон нутагтаа өргөжүүлж, нутгийн брэнд бий болгох. Улаан хальст саримс тариалах талбайн хэмжээг жил бүр нэмэгдүүлэн, ажлын байр бий болгохоор ажиллаж буй. Түүнчлэн, саримсны тариалалтыг нэмэгдүүлэхийн тулд эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран үрийн шинэчлэл хийх. Саримсны үрийн сан байгуулах, улаан хальст саримсыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тарьж ургуулах. Хүн амын хэрэгцээт саримсны хангамжийг нэмэгдүүлэх, улмаар гадаадад экспортлох зорилт тавин ажиллаж буй юм. 

“ЗАВХАНЫ УЛААН ХАЛЬСТ САРИМС” аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр бодит үр дүнд хүрч байгаа.

Тухайлбал, 2013 онд 12 иргэн, аж ахуйн нэгж 2.5 га-д тариалалт хийж, 3.7 тн ургац хураан авч байсан бол, 2022 оны байдлаар аймгийн хэмжээнд 7 аж ахуйн нэгж, 96 иргэн нийт 18.2 га-д тариалалт хийж амжилттай ургац хураан авлаа.

Тодруулбал, 2022 онд аймгийн хэмжээнд саримсны 22.5 тн ургац хураан авсан нь тариалах талбайн хэмжээ 16.3 га-гаар, хураан авсан ургацын хэмжээ 18.8 тн-оор нэмэгдсэн байна. Тиймээс цаашид суурь судалгаатай, тариалалтыг нэмэгдүүлснээр, дотоодын саримсны хэрэгцээг хангаж, улмаар гадаадад гаргах судалгааг хийж байна.

“Завханы улаан хальст саримс” аймгийн дэд хөтөлбөрийг үе үеийн шийдвэр гаргагчид уламжлан хэрэгжүүлж ажилладаг. Учир нь Завханы улаан хальст саримс нь онцгой найрлагатай төдийгүй, зөвхөн энэ нутгийн хөрсөнд тохирч ургадаг ургамал юм. Тиймээс улаан хальст саримсны тариалалтыг нэмэгдүүлэх, өргөжүүлэх ажлыг эрчимтэй хийж, бодлогоор жил бүр саримс тариалах тариланчид, иргэдийг дэмжиж ажиллаж байгаа гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

 

Улаан хальст саримсыг тариалахад учиртай

Завханы улаан хальст саримсыг орон нутагт нутагшуулж, үржүүлж, тариалалтыг нэмэгдүүлэхэд үе үеийн тариаланчид санаачилга гарган ажилладаг.

Үүний нэг нь Монгол Улсын шилдэг зохион бүтээгч Рүүрагчийн Омоонцоо юм. Завхан нутгийн унаган ургамал, Завханы алдарт улаан хальст саримс 1980-аад оны сүүлээс устаж үгүй болохын ирмэгт хүрч, нэн ховордсон үед Р.Омоонцоо гуай гэр бүлээрээ ногооны хоршоо байгуулж 3 кг саримсны үрээр анх тариалалт хийжээ. Ингээд жил жилээр тариалах талбайгаа өргөтгөн 0,80 га-д хүргэж га-аас 27-60 цн ургац хурааж үрийг нь үржүүлэн нутгийн тариаланчдад тарааснаар Завханы улаан хальстай саримс устах аюулаас гарсан байна.


Улаан хальст саримс нь хүнсний болон хүний эрүүл мэндэд нэн тустай, эрэлт өндөртэй, чанар сайтай брэнд болсон төдийгүй Монголын үндэсний шилдэг бүтээгдэхүүн болжээ. Тариаланч Р.Омоонцоогийн хүсэлт, хичээл зүтгэлээр Англи улсын эрдэмтэд Завханы улаан хальст саримсыг судалж үзээд, дэлхий дээр ургадаг саримснаас эрдэс бодисын агууламжаараа хамгийн өндөртэй нь юм байна гэсэн дүгнэлт хийсэн аж.

Тариаланч Р.Омоонцоо хөрсний үржил шимээр дутмаг нутаг орныхоо онцлогт тохируулж, саримсны 1м2 талбайд өөрийн үйлдвэрлэсэн холимог бордоо, сэлгээ тариалалтыг хэрэглэсний зэрэгцээ, олон жил саримс тариалж ирсэн талбайг өөрчлөн, өөр газар шилжүүлж саримсандаа шим тэжээлийн орчныг бүрдүүлсэн байна.

Саримсыг дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 10-ны хооронд тариалдаг байна. Тэгвэл Улаан хальст саримсыг цаг уурын огцом өөрчлөлт, ажиглалт туршилтынхаа үр дүнтэй уялдуулан дөрөвдүгээр сарын 15-30-ны хооронд багтаан эрт тариалах аргыг хэрэглэснээр зарим төрлийн хортонд өртөх нь багасч ургацын хэмжээ эрс нэмэгддэгийг тогтоожээ.


Сүүлийн жилүүдэд зургаагаас долоодугаар сард агаарын температур 30-38 хэмээр, өдөрт олон цаг үргэлжилж, хөрс чийгээ богино хугацаанд алдаж байгаатай уялдуулж, саримсны усалгааны горимыг өөрчлөх шаардлага тулгарчээ.  

Арчилгааны хугацаанд өмнө нь дөрвөөс таван удаа буюу 20-25 хоногийн зайтай усалгаа хийдэг байсныг дээрх аагим халуун үргэлжлэх хугацаанд элсэнцэр хөрсөнд 12-15 хоногт 1м2 талбайд 45-50 л нормоор бодож чийгийг нэмэгдүүлэн нийтдээ 5-7 удаа усалгааг хийдэг горимд оруулсан байна.

Энэ үед голын ус татарч усалгааны хэрэгцээ ихэсдэгээс хамаарч ногооны талбайн дэргэд 500 тн багтаамжтай ус хураагуур (цүнхэл) барьж усалгааг тогтмол хийх нөхцөлийг сайжруулсан гэж тариаланч Р.Омоонцоо улаан хальст саримс тариалах технологоо хуваалцлаа.


Уламжлалт энэ ургамал ховордсон гол шалтгааны нэг нь үрийг хадгалах найман сарын хугацаанд их хэмжээгээр муутгаж, тарих үрийн нөөц багассан алдааг засах үүднээс чийг, дулаан, агаарын сэлгээнд тохиромжтой байхуйц саримсны байр, тавиур барьж, түүнийгээ аргалын утаагаар 15 хоног тутам нэг цагийн турш утаж, саримс ялзарч муудахаас хамгаалж байна.


Улаан хальст саримсыг +3-аас -3 хэмд хадгалж ирсэн нь тийм ч тохиромжтой биш байсныг гадаад орчны температурын хамааралтай уялдуулан дулааны улиралд 1-ээс 4 хэмд, гадаа агаарын хэм -15-аас дээш гарсан үед +5 хэмд хадгалсанаар хадгалалтын үеийн хорогдол багассан гэж ахмад тариаланч хэлэв.


Ахмад тариаланч Р.Омоонцоо улаан хальст саримсны тариалалт, судалгаа, тариалалтын технологоороо 2014 оны Монгол Улсын шилдэг зохион бүтээгч шагналыг хүртсэн байна.

-Завхан аймагт 300 гаруй жилийн тэртээгээс тариалж эхэлсэн юм билээ. 1990-ээд оноос газар тариалангийн үйлдвэрлэлийн уналттай зэрэгцэн энэ ургамал нэн ховордож устаж үгүй болоход хүрсэн. Сүүлдээ энэ ургамлын үр нь ч олдохоо байсан. Харин азаар нутгийнхаа хоршооноос багахан үр олж авч энэ ургамлыг тариалж эхэлсэн юм.

Би Завхан нутгийн унаган иргэн учраас аймаг, орон нутгийнхаа онцлогийг сайн мэднэ. Бага байхын л Завханы улаан хальстай саримс гэж хүмүүс ярьдаг байсан. Гэтэл энэ ургамал устаж үгүй болж байхад яаж зүгээр суугаад байх вэ дээ. Хэрвээ үгүй болчихвол үнэхээр харамсалтай шүү дээ. Тэгээд л тариалж эхэлсэн. Одоо бол устах аюулаас гарсан.

Улаан хальстай саримс бол агууламжийн хувьд цагаанаасаа хэд дахин илүү, хүний чалх тэнхээг сайжруулж, эрүүлжүүлэх, залуужуулах гээд олон төрлийн эрдэс бодис агуулагддаг. Энэ ургамлыг хүнсэндээ хэрэглэдэг хүмүүс наад зах нь ханиад хүрдэггүй юм.

Харин манай нутгаас өөр газар ургах нь муу байдаг болохоор хүмүүс тэр бүр хэрэглээд байж чадахгүй байна. Ер нь бол Хятадад химийн бордоогоор ургуулсан цагаан саримстай харьцуулшгүй юм шүү дээ. Хоолонд маш сайхан амт оруулна. Нэг хэрэглэсэн хүн салдаггүй.


Манай улсад энэ төрлийн судалгааны лаборатори байхгүй. Тэгээд гадны олон оронд энэ саримсыг судалж өгөөч гэж санал тавьж байсан. Удаан хөөцөлдсөний эцэст Англи улсын эрдэмтэд саналыг маань хүлээн авч судалж үзээд дэлхий дээр ургадаг саримснаас эрдэс бодисын агууламжаараа хамгийн өндөртэй нь юм байна гэсэн дүгнэлт хийсэн. Харин хүний эрүүл мэндэд яагаад тустай байна вэ гэдгийг судлах газар одоогийн байдлаар олдоогүй л байна” гэж ахмад тариаланч Р.Омоонцоо ярьж байна.


 

Завхан аймагт улаан хальст саримсны тариалалт жил бүр нэмэгдэж, сүүлийн 10 жилд саримс тариалах тариаланчдын тоо гурав дахин нэмэгджээ. Өнөөдрийн байдлаар тус аймагт улаан хальст саримсыг тариалж буй 90 гаруй тариаланч байна.

Харин технологийнх нь дагуу тариалж буй 30 хүрэхгүй тариаланч байгаа аж. Улаан хальст саримс нь эрүүл хөрсөнд, тусгай технологийн дагуу маш бага талбайд тариалж, ургац авч байгаа учраас үнийн хувьд зах зээлд багагүй үнэтэй борлуулагддаг аж.

Мөн улаан хальст саримсны олдоц жилийн дөрвөн улиралд харилцан адилгүй байдаг. Өнөөдрийн байдлаар улаан хальст саримс нэг кг нь 60-65 мянган төгрөгөөр худалдаанд борлуулж байна. 




Related news