БАЯНХОНГОР: Хүмүүн бичигтэн хамт олон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-01-04 09:28:57

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Өлзийт сумын Хүүхдийн цэцэрлэгийнхэн сүүлийн гурван жил гаруй хугацаанд "Хүмүүн бичиг" сониныг хамт олноороо захиалан уншиж байна.


2019 оноос эхлэн бүх багш, ажилтан монгол бичгээр унших, бичих ур чадвараа дээшлүүлэх олон ажлыг хийж хэрэгжүүлсээр иржээ. Сумын Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн багш Э.Мөнхдалай монгол хэл бичгийн анхан шатны сургалтыг багш, ажилчдад зааж, сургаснаас хойш үндэсний бичиг соёлоо төгс эзэмшиж, суралцах сонирхолтой болсноо тус хамт олон ярьж байна. Сурах, судлах сонирхолд хамгийн их ахиц гаргаж, илүү шимтэхэд байнгын дадал хэвшил чухал бөгөөд хамт олноороо "Хүмүүн бичиг" сонин захиалж уншсанаар үндэсний бичгээрээ шинэ соргог мэдээ мэдээлэл уншихын зэрэгцээ сургалтын хэрэглэгдэхүүн болгож ашигладгаа мөн онцоллоо.


Тус хамт олон цэвэр  сайхан  хичээнгүй  бичих  уралдаанд байгууллагаараа дэд байрт орсон бол 14 дүгээр цэцэрлэгээс зохион байгуулсан Монгол бичгийн аймгийн уралдаанд багш Д.Батцэцэг 3 дугаар байр эзэлж, тавдугаар байр, тусгай шагналыг тус тус 1 багш эзэлсэн амжилт гаргажээ.


Өлзийт сумын цэцэрлэгийг 1965 онд  нэг бүлэг, 25 хүүхэдтэй, эрхлэгч багш, асрагч, тогооч гэсэн дөрвөн орон тоотой ХАА-н “Цэцэглэлт” нэгдлийн дэргэд үүсгэн байгуулсан байна. Түүнээс хойш тасралтгүй 54 жил Сургуулийн өмнөх боловсролын   үйл ажиллагаа явуулж, аймгийн Шилдэг цэцэрлэгээр гурван удаа шалгарч байжээ.



Засгийн газрын хөрөнгө оруулалтаар 2019 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр 100 хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилгыг ашиглалтад оруулж, 2022 оны хичээлийн жилд 17 багш ажиллагсадтай, бага бүлэг 25, дунд 31, ахлах бүлэг 40, бэлтгэл бүлэг 40, нийт 136 суралцагч үндсэн бүлэгт суралцаж, хувилбарт сургалт явуулын үйлчилгээнд 30, нүүдлийн гэр цэцэрлэгт 45 хүүхэд суралцаж, хамран сургалт 82.5 хувьд хүрсэн байна.


Цэцэрлэг нь өдгөө нийт 17 орон тоотой, үүнээс 1-5 дахь жилдээ ажиллаж байгаа багш 2, 6-10 жил 3 багш, зэрэгтэй багш 4 ажиллаж байгаа аж.


АМЖИЛТЫН ТОВЧООН:

2007 он үйл ажиллагаа үр дүнгийн гэрээгээр тэргүүн байр

2008 он “Оюуныг дээдлэгч хүүхдийн элч" байгууллага хамт олон

2010 он Эрүүл мэндийг дэмжигч 1 зэргийн болзолт хамт олон

2013 он “Архигүй амьдрал- Бидний ирээдүй” хоёрдугаар байр

2014 он "Оны шилдэг хамт олон”

2014 он ҮЭ-ийн анхан шатны тэргүүний байгууллага

2015 он Сумын "Эрүүл мэндийг дэмжигч байгууллага"

2016 он "Эрүүл ирээдүйг, өөрөөсөө эхэлье” уралдааны тэргүүн байр

2017 он Аймгийн "Эрүүл мэндийг дэмжигч байгууллага"

2018 он "Соёлч, бүтээлч хамт олон"

2019 он Сумын "Эрүүл мэндийг дэмжигч байгууллага"

2020 он "Авлига, гэмт хэрэг зөрчилгүй хамт олон"

2022 он “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” талархал

2022 он “Тамхигүй хамт олон"


Related news