Үндсэн хуулийн өдөрт зориулсан тэмцээнд 139 шатарчин тунаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
192@montsame.mn
2023-01-08 10:23:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг угтан УИХ-ын даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээний шигшээ тоглолт Төрийн ордонд болж байна.

УИХ-ын Тамгын газар, Монголын шатрын холбоотой хамтран зохион байгуулж буй энэ удаагийн Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн 2022 оны 11 дүгээр сарын 26-наас эхлэн, нийт 5270 гаруй шатар сонирхогч бүртгүүлснээс шигшээ тоглолтод 138 шатарчин тунаад байна.


Энэ сарын 7-8-нд зохион байгуулж буй шигшээ тэмцээнд оролцогчид швейцар системээр 8 өрөг тоглож байна. Шигшээ тоглолтод оролцож буй 140 шатарчин (эрэгтэй 104, эмэгтэй 36) швейцарь системээр 8 өрөг өрөх юм. Дөрвөн өргийн дараах байдлаар эрэгтэй ангилалд Б.Мөнхсаруул (чансаа-1876, БГД), Б.Баярмагнай (1846, Говь-Алтай), Г.Авирмэд (1854, СХД) нар тус бүр 4 оноогоор, А.Нарансолонго (1723, Говь-Алтай) 4 оноо, М.Енгилик (1783, Баян-Өлгий) 3.5 оноо, Б.Анужин (1690, БГД) 3.5 оноогоор тус тус эмэгтэй ангилалд тэргүүлж байна.



Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний 5, 6, 7, 8 дахь өргүүд өнөөдөр үргэлжилж, аваргуудаа тодруулна. Эхний гурван байранд шалгарсан эмэгтэй, эрэгтэй оролцогч тус бүр спортын дэд мастер цолын болзлыг хангана. Харин тэргүүн байр эзэлсэн шатарчид Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрх авах юм.


Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг анхан шатны (сум, дүүрэг), хагас шигшээ (аймаг, нийслэл), шигшээ тэмцээн гэсэн 3 үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм. Тэмцээнд Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар сүүлийн нэг жилд чансаа нь 2000, эмэгтэй шатарчдын хувьд 1800-аас илүүгүй, шатрын спортын цолгүй, зөвхөн насанд хүрсэн шатар сонирхогчид оролцож байна.

Related news