ӨМНӨГОВЬ: "Нээлттэй Өмнөговь" хэлэлцүүлгийг улсын хэмжээнд зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-01-11 14:49:06

Өмнөговь/МОНЦАМЭ/ Улаанбаатар хотын төвлөрөлийг бууруулж, төв сууринд чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг багасгах зорилготой хот хөдөөгийн сэргэлтийн бодлогыг Өмнөговь аймагт хэрэгжүүлж байна.                                                                   

Энэ хүрээнд "Нээлттэй Өмнөговь" хэлэлцүүлгийг нэгдүгээр сарын 17-ны өдрийн 10.00 цагт зохион байгуулахаар төлөвлөжээ. Тус хэлэлцүүлэгт  аймаг, сумдын Засаг дарга,  холбогдох мэргэжилтэнүүд, бүс нутагт ажиллаж амьдарч байгаа иргэдийн төлөөлөл оролцоно.


Мөн Өмнөговь аймагт ирж ажиллах сонирхолтой хүн бүр хаанаас ч ирж оролцох боломжтой бөгөөд сумдад ямар ажлын байр дутагдалтай байгаа, тухайн бүс нутгийн давуу, онцлог талуудын талаар сонирхсон мэдээллээ нээлттэй авах болох аж.                                                                       

Нээлттэй хэлэлцүүлгийн гол зорилго нь аймгийнхаа хүн амыг 20 хүртэл хувиар нэмэгдүүлэх, нөгөөтэйгүүр орон нутагт дутагдалтай байгаа ажлын байранд хүний нөөц бүрдүүлэх юм.                                                             

Ялангуяа уул уурхайгүй эдийн засгийн хөгжил сул байгаа сумдад очиж ажиллах хүсэлтэй мэргэжилтнүүдэд тусгай нөхцөл, урамшууллуудыг санал болгоно. Тодруулбал, Өмнөговь аймгийн төв болон сумдад дутагдалтай байгаа ажлын орон тоонд ирж ажиллах мэргэжилтнүүдийг ажиллаж, амьдрах орчин нөхцөлөөр хангах, ипотекийн  3 хувийн зээлд хамруулж "Нутгийн дэм" хөтөлбөрөөр дэмжих юм. Мөн хотын төвлөрлөөс гарч Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт ирж суурьшин томоохон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж, тогтвортой үр өгөөжтэй ажиллах бизнес эрхлэгчдэд татварын хөнгөлөлттэй нөхцөлөөр дэмжих зэрэг бодлогын ажлууд хийж байгаа юм.                               


Ийнхүү нээлттэй хэлэлцүүлгээр гарсан санал хүсэлтийг нэгтгэн аймгийн ИТХ-д өргөн барьж "Нээлттэй Өмнөговь" хөтөлбөрийн баримт бичгийг батална. Тухайн баримт бичигт гол тусгагдах ажил бол хөдөө орон нутгийг зорин ирж, тогтвортой урт удаан ажиллаж амьдрах алба хаагчдын нийгмийн асуудал, улсаас болон орон нутгаас явуулж байгаа бодлогыг тэдэнд хэрхэн үр өгөөжтэй хүргэх зэрэг чухал асуудлуудыг хэлэлцэж нарийн төлөвлөгөөтэй оруулах юм.                                                                     

Өмнөговь аймгийн хувьд уул уурхайн бүс нутаг учраас эдийн засгаа дагаад иргэд уул уурхайд ажиллах сонирхол их байдаг. Тиймээс алба хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх улсын бодлоготой уяалдуулан "Нутгийн дэм" хөтөлбөрөөр энэхүү цалин хөлсний ялгааг багасгах бодлогыг барьж, алба хаагчдын цалин хөлсийг 80 хүртэл хувиар нэмэгдүүлэн ажиллаж байна.


Ийнхүү тодорхой чиглэлүүд дээр бодлогоор дэмжин ажиллахад сумдын дутагдалтай байгаа хүний нөөц бүрдэж, алба хаагчид сум орон нутагтаа нийгмийн асуудалдаа санаа зоволтгүй эрх тэгш сурч боловсорч, ажиллаж, амьдрах боломж бүрдэж, сумаас төв суурин газарт шилжин суурших хөдөлгөөн багасна хэмээн үзэж байгаа аж.


Related news