ХӨВСГӨЛ: Ханх, Рэнчинлхүмбэ, Цагаан-Үүр суманд зуд болох эрсдэл их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-01-11 08:56:38

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн нийт нутгаар 19 см хүртэл цасан бүрхүүлтэй байна. Цас их орж хүйтэрсний улмаас Рэнчинлхүмбэ, Ханх, Хатгал, Төмөрбулаг, Цагаан-Үүр, Арбулаг, Цэцэрлэг, Цагаан-Уул, Галт, Жаргалант зэрэг 10 сум өвөлжилтийн байдал хүндрэх төлөвтэй байна.

Дээрх сумдаас Ханх, Рэнчинлхүмбэ, Цагаан-Үүр сумд их эрсдэлтэй, өвөлжилтийн нөхцөл хүндэрч эхэлжээ. Аймгийн Онцгой комисс хуралдаж, 23 сум, нэг тосгоны Засаг дарга нартай цахим хурал хийж, зудын эрсдэлийн үнэлгээ хийхээр үүрэг чиглэл өгчээ.

Мөн Хүнс хөдөө аж ахуйн газраас 7 хоног бүр сумдаас өвөлжилтийн нөхцөл байдлын мэдээлэл авч, аймгийн Онцгой комисс болон шуурхай штабт хүргүүлж байна. Өнгөрсөн 7 хоногийн байдлаар тус аймгийн хэмжээнд 150 гаруй толгой мал хорогдсон дүн мэдээтэй байна.

Хөвсгөл аймагт 23 сум, нэг тосгоны 129 багийн нутагт 19240 малчин өрхөд 5,8 сая толгой мал өвөлжиж байна.

Тус аймгийн хэмжээнд нийт 17 сумаас 838 өрхийн 356,9 мянган толгой мал отроор өвөлжихөөс гадна аймгийн нутагт 4 сумын 11 өрхийн 3,4 мянган толгой мал, өөрийн аймгийн бусад сумын нутагт 14 сумын 189 өрхийн 148,9 мянган толгой мал, хилийн зурвас нутагт 5 сумын 177 өрхийн 48,8 мянган толгой мал байна. 

 

Related news