ДОРНОГОВЬ: Чингис хааны их сүлд шүтээн хийгээд Сүлдэн хөх овоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-01-16 11:58:59

Дорноговь /МОНЦАМЭ/. Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын сүлд шүтээний дагуул цагаан тугийг тус аймгийн Хөвсгөл сумын Сүлдэн хөх толгой хэмээх газар тахьж байсан нь судлаач эрдэмтдийн бүтээлд олонтаа дурдагдаж, баталгаажиж иржээ. 

Монголын түүхийн нэгээхэн хэсгийг багтаасан энэ бүс нутаг хүн зоны очих дуртай газрын нэг болж аялал жуулчлалын хөгжилд хүндтэй байр суурь эзлэх ирээдүй байгааг эрдэмтэд хэлдэг. Энэ тухай эрдэмдтийн судалсан бүтээл хийгээд өөрийн үзэж харснаа товч дурдъя.


Тэр жилийн хавар Улаанбаатар хотод Дорноговь судлал-2012” эрдэм шинжилгээний III бага хурлаар эрдэмтэд нэгэн чухал зүйл хэлэлцэж байв.

“Чингис хааны их сүлд шүтээний дагуул цагаан тугийг Мэргэн засгийн хошуунд тахиж байсан уламжлал”-ын тухай.

Хурлаар МУИС-ийн багш, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Дулам “Мэргэн вангийн хошуунд тахиж байсан Хангал Эхт Цагаан тугийн тахилга бэлгэдлийн тухай”, МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн Нийгэм-соёлын антропологийн тэнхимийн багш, доктор Ph.D, профессор И.Саруул “Академич Н.Ишжамц Сүлдэн Хөх толгойд тахиж байсан Чингисийн цагаан тугийг анхлан шинжилсэн нь”, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Г. Аким “Хатгины хар сүлдийг цэнгүүлсэн туршлага”,Дорноговь аймгийн Музей, сургалт, судалгааны төв /МССТ/-ийн захирал  Г.Цагаандэрэм “Дорноговь аймгийн түүхийн музейд хадгалагдаж байгаа Чингисийн их сүлдний дагуул цагаан туг”, Дорноговь аймгийн харьяат тугчийн удмын Д.Балгансүрэн “Сүлдэн Хөх толгойд Чингисийн тугийг тахиж байсан тугчийн удмынхан”, Увс аймгийн Өндөрхангай  сумын харьяат тугчийн удмын С.Тойвгоо “Лу жанжин гүний хошууны Цагаан сүлд тугийг тахиж ирсэн уламжлал” сэдвээр илтгэл хэлэлцүүлж байлаа.

Эл үйл явдлын дараа зуны дэлгэр цагт өнөөх эрдэмтдийн баг Чингис хааны төрт улсын их шүтээн Цагаан тугийг тахиж байсан Хөвсгөл сумын Сүлдэн хөх овоо тийш зорихоор  Дорноговьд ирсэн байхтай таарч хамт  дөрөө нийлэв.

Эзэнт улсынхаа  хилийг манаж, төр улсын сүр сүлд оршсон Их сүлдний бага цагаан тугийг энэхүү Сүлдэн хөх толгойд тахиж байсан бөгөөд сүүлчийн тугч Д.Дорж хэмээх хүн 1930-аад оны дунд үе хүртэл тахиж байсан авч хэлмэгдүүлэлт эхэлснээр тасарчээ. Түүний үр удам 200 гаруй хүн эдүгээ “Тугч” овгийн удмыг залгаж байна.

Бичгийн эрдэмтэд Хөвсгөл сумын төвөөр орж тугч Доржийн өргөмөл охин болох Бадамжав гуайн гэрт саатаж, эртний  тахилгын тухай хөөрөлдсөн нь түүхийн алтан сэжүүрийг эргүүлсэн билээ. Тэр үед  85 насыг зооглоод байсан Бадамжав буурай бие хөнгөн, ухаан сэргэлэн хийгээд эрдэмтдийн эрдэм шинжилгээний ажилд тус болж мэдэх, санах бүхнээ хуучилсансан.

Түүний  аав Дорж /1935 оны үед/  сэтэртэй шарга морио унаж  цагаан тугийг хамгийн сүүлд тахиж байсан нь зургаан настай охины ой тоонд бат суужээ.  Аав нь туг тахих талаар охиндоо битгий хэл хөндлөнгийн хэнбугайд ч үг цухуйлгадаггүй  байж.  Цагаан тугийг тусад нь гэрт байрлуулдаг байсан төдийгүй тахилгын идээ шүүсийг тайж язгууртан хүн ээлжээр базаадаг байжээ.

Хүзүүнээс нь олон өнгийн даавуу намирч эдэлгээ уяа нь цэгцэрсэн шарга морь тахилгын өглөө дүүхэлзэж, төрийн үйл хэрэг гүйцэлдүүлэхийг мэдсэн мэт хийморь золбоотой болдог байж. Эрдэмтэд цааш довтолгон явсаар үдшийн бүрийгээр хүрэх газартаа очлоо. Зурхайч нарын хэлж буйгаар зуны эхэн  сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр болой.

Сэр сэрхийсэн салхитай, халуун хүйтний зохицолдолгоо таарсан үнэхээр тааламжтай байлаа өдөр. Бид хөх овоо руу явав. Энд нэгэн зүйлийг тодруулж өгүүлэхэд С.Дулам багш 1990-ээд оны эхээр Мэргэн вангийн хошуунд тахиж байсан Хангал эхт цагаан тугийн тахилга бэлгэдлийн тухай ихэд судалж олон зүйлийг түүхэн хүний яриа, дурсамжаас тодорхой болгосны дагуу эдүгээ томоохон судалгааны бүтээл болохуйц хэмжээнд хүрсэн нь наашаа дөрөө тааруулах шалтаг болсон аж.

Тэрбээр энэ удаад судалгааныхаа ажлыг бататгаж нутгийн ард иргэдтэй уулзаж явлаа. Уул усаа аргадаж шүтнэ гэдэг дэргэд нь очиж ганц нэг чулуу тавилах бус ихээхэн утга учиртай хүндлэл байх. Юу юугүй хурдан машин хөлөглөөд л шүтээн хайрхныхаа оройд амьсгаа дээгүүр гараад хийморио сэргээнэ гэж ярих бол мунхагийн илрэл байж мэдэх. Шүтээн хайрхнаа, уул усаа хэрхэн аргадаж тахихыг Дулам ахайтнаас харж билээ.

Ёс төрөө мэдэж, монгол ухаанаа дээдлэх  арга билэг дутагдсан  энэ цаг үед бусдад хэрэг болуужин хэмээн С.Дулам багш уул ус, хангай дэлхийгээ  хэрхэн аргадаж, ёсон  үйлдсэнийг өгүүлье. Сүлдэн хөх овооны барааг харуутаа л багш алсаас нь сүслэн мөргөж хангай дэлхийгээ аргадахын хэрээр тэр нутгийн сүүний дээжийг сацал болгож өргөж харагдана лээ.

Дараа нь  алгуурхан овоо руу дөтлөх газрын дунд хэсэгт алхаж очиж мөн адил ёсон үйлдсэн.

Өөрөөр хэлбэл Дулам авгай машин тэргээ холхон орхиод Хөх овоо руу дөтлөх замдаа гурвантаа бууж залбирч, ерөөл тавьж, сүүний дээжээс сацал өргөн алгуурхан алхсаар овооны энгэрт очсон юм.

Тэнгэр цэлмэг, бүртийх ч үүл ойр хавьд байгаагүй. Сүүлд нь овооны дэргэд очиж  сацал өргөн тойрч сүслэн байхуйд  тэрхүү овооны баруун суганаас нэгэн отог, омог гэмээр гурван аргаль уралдан давхиж, тэнгэрт өнгийн солонго татан, жигүүртний үр сад  тэртээгээс нисэн ирж  дүрсээ үзүүлсэн маш сонин, гайхмаар үйл явдал болсны гэрч нь үүнийг бичигч би билээ.

Хангай дэлхийгээ аргадаж, зөв сүслэн мөргөж чадвал тэнгэрийн орон хэрхэн сайхан ааш аягаа үзүүлж чаддагийн сонгодог жишээ энэ болой.

Тэрбээр ярихдаа “Хөвсгөл суманд амьдарч байсан Гүрцоо гуайн ярьснаар энэ хайрхан эзэнтэй, лустай, савдагтай юм. Дээхнэ үед эндээс буга, согоо хоёр салдаггүй байсан гэдэг. Саяхан биднийг ёс үйлдсэний дараа гурван аргаль гараад давхилаа. Лусын эзний хөлөг унаа нь ч юм билүү.

Дараа нь хөх тэнгэр хачин сайхан ааш аягаа үзүүллээ. Төрийн сүлд шүтээнээ дахин сэргээж чадвал айх аюулгүй, өвдөж зовохгүй, манай төр улсын тусгаар тогтнол хийгээд ард иргэдийн амьдрал ахуйд ихээхэн тус дэм болно доо” гэж өгүүлж байсан.

Та “Сүлдэн Хөх овоонд сацал өргөж байхдаа юуг дотроо тунгаан бодов” гэж асуухад  Дулам багш “Монгол Улсынхаа тусгаар тогтнол, хөгжил дэвшил,  хүн зоныхоо сайн сайхны төлөө л залбирлаа” гэж билээ.

Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг ус хийгээд тэнд амьдрагч ард түмэн Монголын түүхийн ямар ч цаг үед болж өнгөрсөн үйл явдлын оролцогч төдийгүй эх орны тусгаар тогтнолын алтан аргамжийг үе дамжуулан хадгалсаар ирсний нэгэн жишээ  дөрвөн зүг найман зовхистоо сонор сортоогоо хараалсан 13 овоо бүхий Сүлдэн хөх толгой болой.

Эрдэмтэн мэргэд хийгээд тэр тусмаа С.Дулам багшийн хэлж ярьсны заримаас ойн тоондоо хадгалснаа чадан ядан өгүүлье. Цагаан тугийг  Дорноговийн  Хөвсгөл сумын нутаг дахь Сүлдэн хөх толгойд харин баруун хязгаарт одоогийн Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг Илжигэн халхын  Лу жанжин гүний хошуунд,  Говь Алтай аймгийн Тарган баатар вангийн хошуунд гэх зэргээр  улсынхаа торгон хил дагуулан тахиж байжээ.

Харин Чингис хааны Хар сүлдний хувьд Хурц ван Түдэнгийн хошуунд Хатгины, Эрдэнэ дүүрэгч вангийн хошуунд, Дорнод  аймгийн Баян эрхт толгой дээр, Баруун хүрээнд,  Эрдэнэзуугийн  орчимд зэрэг тодорхой тоотой хэдэн газарт тахиж байжээ. Цааш нь Дулам багш хэлэхдээ “Монгол нутгийн үүд хаалга болж байгаа газар. Жирийн үгээр хэлвэл дайсан цөмөрмөөр газрыг тосгуулж тугийн тахилгыг хийж байсан болов уу гэж  санагддаг. Нөгөө талаас  үзэхэд  маш олон үе дамжин улирч ирсэн сүлд тахилгатай газар сонгож тэр тугаа байршуулж байсан нь гарцаагүй” гэж байв.

Мөн академич Н. Ишжамцын Чингисийн туг сүлдний сэдвийн “Хутаг уулын хошуу Хөвсгөл сумын түүх” зохиолд Чингисийн сүлд тугны талаар тодорхой бичсэн аж.

Түүнд тэмдэглэсэн хамгийн сонирхолтой зүйл бол Дорноговийн Хөвсгөл суманд тахиж байгаа сүлд туг жинхэнэ Чингисийн сүлд туг мөн гэж үзээд “Түүхэн домог ёсоор Зүүнгарын довтолгооны үеэр Өвөр Монголд аваачиж байршуулж байгаад дайн самууны хөл тасармагц Мэргэн вангийн өргөө ордонд эргүүлж авчирч, тахиж тунгах болсон гэжээ.

Хэдийгээр  эзэн хааны  төрт ёсны сүлд тугийг тахих  ёс цагийн цөвүүнд тасарч, туг сүлд алга болсон ч дараа нь олдож аймгийн Музей сургалт, судалгааны төвд залсан  байдаг. 

Харуул овооны тухай ном сударт олонтаа гардаг байсныг санахад Монголын өмнөд хилийг өдий болтол  хараалсан  эзэн Чингисийн сүнсүгтэй, төр улсын хийморь сүлд оршоосон Сүлдэн  Хөх овоо биднийг  аюул бүхнээс хамгаалсаар иржээ гэж бодох.

Эзэн Чингис хаан нэгэнтээ “Тангуд улс өмнө зүгт байгааг өглөө болгон надад сануулж бай” гэж зарлиг болж байсан. Урд зүгээс айсуй аюул бүхнийг гэтэлгэн харь улсыг дайлаар мордон эзэнт улсаа төвхнүүлэн явахдаа эзэн Чингис хаан хийгээд түүнийг залгамжлагч хаадууд Их сүлд шүтээнийхээ дагуул тугаа улсынхаа хилийг дагуулан байршуулж улс гэрээ хамгаалдаг  байсан түүх ийм болой.


Related news