Германд 1.5 сая дүрвэгч ирнэ гэж урьдчилан таамаглажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-10-05 13:29:51

БЕРЛИН. /АР/. Германд энэ оны эцэс гэхэд урьд нь таамаглаж байснаас 1.5 дахин олон буюу 1.5 сая цагаач ирнэ гэж тус улсын эрх баригчид урьдчилан таамаглаж байна. Энэ тухай өнөөдөр нийтлэгдэх Германы Засгийн газрын тайланд дурдсан тухай “Bild” сонинд мэдээлжээ.

“Цагаачдын урсгал цаашид улам бүр нэмэгдэнэ. Энэ оны дөрөвдүгээр улиралд өдөр бүр 7-10 мянган цагаач хууль бусаар хил нэвтэрнэ гэж бид таамаглаж байна” хэмээн тайланд дурдсан байна. Тайланд тэмдэглэснээр, дүрвэгсэд олноороо ирж байгаа нь муж, орон нутгийн эрх баригчдад ноцтой дарамт учруулж болзошгүй.

Берлиний эрх баригчид мөн түр оршин суух эрх авсан дүрвэгсэд Германд төрөл төрөгсдөө авчрахаас болгоомжилж байна. Өнөр өтгөн гэр бүлтэй байдаг уламжлалтай Ойрхи Дорнодын байдлыг харгалзан үзвэл тус бүс нутгаас ирсэн дүрвэгч бүр 4-8 хамаатан садантай бөгөөд тэд эрт, орой хэзээ нэгэн цагт Германд ирнэ гэж тайланд онцлон тэмдэглэжээ.

Д.Жаргал

Related news
Comments