АРХАНГАЙ: Б.Саруулбаяр: Хөдөө орон нутагт гэр бүлээрээ амьдрах үнэхээр сайхан юм

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-01-19 20:22:19

Архангай /МОНЦАМЭ/. Хот суурин газраас хөдөө рүү чиглэсэн нүүдлийг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газраас олон талт ажлуудыг авч эхэлсэн. Улаанбаатар хотоос аймгийн төв болон сумдыг зоригсод одоогийн байдлаар их биш байна.


Хөдөө орон нутгийг зорьж, амьдрах иргэдийн түүчээ бол Батмөнхийн Саруулбаяр юм. Тэрээр 30 настай, нөхөр, хоёр охины хамт Архангай аймагтаа суурьшин амьдрахаар иржээ. Тэрээр өнгөрсөн есдүгээр сард шилжин ирсэн ба хүүхэд, залуучуудын соёл, үйлчилгээний цогцолбор, усан бассейнд дасгалжуулагч багшаар ажиллаж байна.


Б.Саруулбаяр Үндэсний Биеийн тамирын дээд сургуулийг биеийн тамирын арга зүйч мэргэжлээр дүүргэжээ. Улаанбаатар хотод байхдаа 2014-2019 онд Баянзүрх дүүргийн усан спорт, сургалтын төвд багшилж байгаад, амьдралын баялаг боломжуудын нэг тохиож Австралийн Холбооны Улсыг зорьж хоёр жил амьдраад, цар тахал коронавирусний халдвар дэгдсэнтэй холбоотойгоор Монголдоо буцаж иржээ. Ирүүтээ бага охиноо төрүүлсэн ба одоо ой хоёр сартай болжээ.


Түүний хань Архангайдаа очиж амьдрах санаачилгыг анх гаргасан ба Улаанбаатар хотын агаарын бохирдол, түгжрээ, стресс, гарч байгаа зардал мөнгийг тооцон ханийнхаа саналыг хоёр бяцхан охиныхоо эрүүл мэндийг бодон дэмжжээ.


Аймагт амьдрах нь Улаанбаатарт амьдрахаас эрс өөр болохыг хэлээд ажил бүтээх цаг хугацаа хүртэл хэдхэн минутаар тооцогдож буй нь ажилдаа, ар гэртээ илүү их цагийг өнгөрүүлэх боломж гарч буйг онцлон тэмдэглэж байлаа.


-Танай гэр бүлийн хүн аймагт ирээд ямар ажил эрхэлж байгаа вэ?

-Бидний аав, ээжүүд хотод амьдардаг. Нөхөр маань гэртээ бага охиноо харж байгаа. Том охиноо цэцэрлэгт өгсөн. Багыгаа хааяа бассейн дээрээ аваад ирнэ. Манай нөхөр энд барилгын ажилтай ирсэн. Хавраас эхэлнэ.


-Аймагтаа ирээд байр орон сууц судалж үзэв үү?

-Үгүй ээ. Цагаан даваанд гэрт амьдарч байгаа. Хотоос ирж байгаа залууст ипотекийн 3 хувийн зээл олгож, урьдчилгааны 60 хувийг Зээлийн батлан даалтын сангаас олгоно гэж байсан даа. Үүний хэрэгжилтийг л хармаар байна. Одоо бол яг ийм нөхцөлөөр аймагт орон сууцны зээл олгоогүй байгаа юм билээ.


-Усан бассейнд багшаар хэрхэн орсон бэ?

-Ер нь бол усан бассейны тухай аль 10 жилийн өмнө л яригдаж байсан шүү дээ. Усан бассейн бариад ашиглалтад орох гэж байна гэхэд л манай найзууд тухайн мэдээний дор маш их меншион хийсэн байсан л даа. Анх усан бассейнд ажилд орох гэж ОБГ-т очиж уулзсан. Хүн авахгүй гэж хэлж байлаа. Ажилгүй хүн чинь худалдагч ч болох нь ээ олж хийе гэж бодоод явж байсан чинь манай Биеийн тамир, спортын газрын дарга Р.Батболд дарга над руу залгасан. Дадлага, туршлагатай багш хэрэгтэй байгаа тухай надад хэлээд уулзахыг хүссэн. Тэгээд уулзаад л ажилд орохоор болсон. Нэг үгээр бол би ажлын санал авч ажилд орсон доо /инээв/.


-Залуусын дунд хөдөө, орон нутагт ажиллаж, амьдрах талаар ямар бодол тээж байна вэ?

-Хүмүүс бид хоёроос хөдөө амьдрах ямар байна гээд асуугаад л байгаа. Гэр бүлтэй хүмүүст гэр бүлээрээ аймагт амьдрах үнэхээр сайхан юм байна. Гарах зардал ч, стресс ч бага. Ер нь их амар байна л гэж хариулж байгаа. Үнэхээр манай аймаг хөгжиж байна шүү дээ.


-Усан спортын багш мэргэжлийг хаана олгодог юм бэ?

-Монголд Усан спортын холбоо гэж байдаг. Холбоон дээр онол, дадлагын шат дараалсан сертификаттай сургалтад хамрагддаг. Бүх шатныхаа сургалтад хамрагдаад сертификатаа авчихсан бол багшлах эрхтэй болдог. Манайх эрэгтэй, эмэгтэй хоёр багштай. Манай эрэгтэй багш энэ сургалтад аль арван жилийн өмнө хамрагдсан. Ашиглалтад орохыг хүлээж аймагтаа арван жил болсон байна билээ.


-Усан бассейн саяхан нээлтээ хийлээ. Өнөөдрийн байдлаар хүүхэд, том хүн нийлсэн хэдэн хүнийг хүлээн аваад байна?

-Тийм ээ. 6-53 насны 50-иад хүн байна. Манайх 7.00-20.30 цаг хүртэл ажилладаг. Нөгөө багштайгаа ээлжилдэг. Өглөө долоон цагт ирсэн багш өдөр 14.00 цагт бууна. Өдөр 14.00 цагт гарсан нь орой 20.00 цаг хүртэл ажилладаг. Манайх шүршүүртээ 15 минут, бассейндаа 45 минут гээд нэг хүнд нэг цагийг өгч байгаа. Бассейны урт нь 25 метр бол стандарт гэж үздэг. Манай аймгийнх арай жижиг байгаа. Гэхдээ хүүхэд багачуудын хүсч хүлээсэн усан спортын төв учраас сурч мэдэхэд багадахгүй гэж харж байгаа.


-Усан бассейны усны эрүүл ахуйг яаж хангадаг вэ?

-Манай усан бассейн 210 тн усаар дүүрдэг. Нэг өдөр хүмүүсээ авчихаад асгаад дахиад 210 тн усыг дүүргэнэ гэсэн асуудал байхгүй. Усан бассейн усны эргэлтээр цэвэрлэгддэг. 1.2 метртай хэсгээс цэвэр усыг гаргаж байхад, цаана эсрэг талд нь 2 метртэй хэсэгт бохир ус гадагшилж байдаг. Доороо бохир усаа цэвэрлэдэг элсэн болон нүүрсэн фильтер бий. Үйлчлүүлэгчид орж дууссаны дараа ус цэвэршүүлж, ариутгадаг бодисууд хийдэг. Мөн усан доторх хогийг хамдаг цэвэрлэгч роботыг явуулдаг.


Нөгөө талдаа усан бассейнд ороход хүмүүс шүршүүртээ маш сайн орох ёстой. Шүршүүрт орсны дараа эмч спирттэй хөвөнгөөр арчиж шалгаж үзнэ. Тэгээд хөл ариутгагч усандаа хөлөө дүрсний дараа бассейндаа оруулдаг. Бассейнд явах бүх хүмүүс эрүүл мэндийн шинжилгээнд бүрэн хамрагдсан байх ёстой. Бүгд цэвэр байж ус цэвэр, удаан хугацаанд тогтмол үйл ажиллагаа явуулах боломжтой болдог.


Ер нь бол бассейныг ус тасрах үеэр усыг бүрэн асгаад цэвэрлэгээ, засвар үйлчилгээгээ хийдэг. 210 тн усыг шахаж дүүргэх гэж 3-7 хоног болдог.


Усан бассейны 1.2 метр өндөртэй буюу хамгийн намхан хэсэгт ус буцалж байгаа юм шиг оргилж байв. Энэ нь цэвэр усаа шахаж байгаа гэв. Харин хамгийн гүн хэсэгт бохир ус гадагшилдаг аж.

Related news