ХОВД: Мөсөн сурын харваанд баруун таван аймгийн 140 харваач оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-01-21 21:02:54

Ховд /МОНЦАМЭ/. “Мөнгөлөг шагшуурга-2023” мөсний баярын хүрээнд Монгол туургатны мөсөн сурын харваа тэмцээнийг зохион байгуулж байна. 

Хоёр өдрийн турш үргэлжлэх  Мөсөн сурын харваа тэмцээнд баруун таван аймгийн 12 багийн 140 харваач  оролцож байгаа юм. Үүний дотор мөсөн сурын харвааны улсын мэргэн 4, спортын мастер болон дэд мастер цолтон 50, залуу харваач 80 гаруй хүн бий.   

“Мөнгөлөг шагшуурга” мөсний баярын хүрээнд зохион байгуулж буй Монгол туургатны мөсөн сурын харваа тэмцээн маргааш цуваа харвааны төрлөөр үргэлжилж,  онооны системээр шилдэг харваачдаа тодруулна.

Монголын үндэсний сур харвах наадмын нэгэн өвөрмөц төрөл болох мөсний сурын харвааг олон нийтэд сурталчлах, хөгжүүлэх, түүний ёс жаягийг хойч үедээ таниулах, уламжлалаа сэргээхэд дээрх тэмцээний зорилго чиглэж байна.

Ташрамд, сүүлийн жилүүдэд Ховдынхон мөсөн сурын харвааг хөгжүүлэх чиглэлд анхаарч, харваачид ур чадвараа дээшлүүлж байгаа тухай албаны эх сурвалжууд хэллээ.  

Одоогийн байдлаар Ховд аймагт мөсөн сурын харваагаар хичээллэдэг 100 гаруй харваач байгаагаас хоёр нь улсын мэргэн цолтой.  Мөн спортын мастер 30,  аймгийн мэргэн цолтон 10 тодорсон юм.


Мөсөн сурын харвааг өвлийн хүйтэнд буюу идэр ес эхлэхэд тоглоод ес дуусахад хаадаг уламжлалтай. Мөн дандаа эрэгтэйчүүд харвадгаараа онцлогтой. 
Нум сум харвах тэмцээний үед уухайлдаг ёс бий. Уухай бол сур харвахад харваачдыг хөгжөөх дуудлага юм. Мөсөн сур харвахад доорх аялгууг нэгэн удаад гурав гурван удаа эгшиглүүлдэг байна. 


Монголчууд нэн эртнээс уухайлах ёсыг хийморь сэргээн жавар үргээдэг хэмээн бэлгэшээдэг аж.  




Related news