ЗАВХАН: Газрын харилцааны үйлчилгээнүүд бүрэн цахимжжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-01-24 22:46:39

Завхан /МОНЦАМЭ/. Тус аймаг төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд, төрийн үйлчилгээг цахимжуулах, ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлж байна.


Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд, төрөөс үзүүлэх үйлчилгээг цахимжуулж, төрийн хүнд суртлыг бууруулах олон талын ажлуудыг улсын хэмжээнд хийж байна. Тухайлбал, төрийн бүтээмжийн сэргэлтэд төрийн үйлчилгээг цахимжуулж буй үйл явц голлох нөлөө үзүүлэх юм. Цахим хөгжлийн багц хууль хэрэгжиж эхэлснээр нийтийн мэдээллийн тухай хууль, Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хууль, Цахим гарын үсгийн хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль багцаараа хэрэгжих юм.

 

Ер нь төрийн байгууллагууд албан бичиг солилцдог уламжлалыг халж байгаа. Өөрөөр хэлбэл иргэд өөрт шаардлагатай мэдээллээ заавал нэг байгууллага дамжиж бичиг цаас үйлдэхгүйгээр цахимаас авах боломжууд шат дараатай нээгдэж байна. Үүний нэг нь газрын харилцааны асуудлууд байдаг. Тэгвэл өнөөдөр, Завхан аймгийн иргэд газрын үйлчилгээг киоск машинаар цаг алдалгүй, дараалалгүйгээр хүссэн үедээ хүлээн авах боломжтой боллоо.

Завхан аймгийн Засаг даргын нөөц сангаас хөрөнгийн эх үүсвэрийг нь шийдвэрлэж, газрын харилцааны талаарх төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах. Газрын харилцаатай үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын баталсан стандартын дагуу үйлдвэрлэгдсэн “Киоск” машиныг Улиастайд хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ.

Газрын харилцааны Киоск машин нь иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудад газрын харилцаатай холбоотой нийт 70 орчим төрлийн үйлчилгээ үзүүлэх боломжтой юм. Мөн 52 төрлийн өргөдлийг цахимаар өгөх, 12 төрлийн мэдээлэл, лавлагаа, тодорхойлолтыг үнэ төлбөргүй хэвлэн авах. Иргэд цахим хүсэлт, өргөдлийнхөө шийдвэрлэлтийн явцыг шалгах, цахим гэрээ, гэрчилгээ үүсгэх. Газрын төлбөр шалгах, газрын төлбөрөө QR-аар төлөх зэрэг үйлчилгээнүүдтэй боллоо. Өөрөөр хэлбэл, иргэд киоск машинаас газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн гэрээ, газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, кадастрын зургаа татаж авах боломжтой.


Түүнчлэн газрын барьцаа, төлбөрийн мэдээлэл лавлагаа, газрын төлөв байдал чанарын хянан баталгааны дүгнэлтийг ч авах боломжтой. Хэрэглэгч үйлчилгээг өөрийн регистрийн дугаар болон системд бүртгэлтэй утасны дугаараа ашиглан нэвтэрч, үйлчилгээ авах юм. Энэхүү киоск машиныг нэвтрүүлснээр газрын харилцааны салбар дахь шаардлагагүй шат дамжлагыг цөөлөх, дарааллыг багасгах. Гол нь төрийн үйлчилгээг ил тод, түргэн шуурхай хүртээмжтэй болгоход томоохон ахиц авчрах юм гэж Завхан аймгийн ГХБХБГ-аас мэдээлэв.


Ташрамд, Завхан аймгийн хэмжээнд нийт 23 сумд ажлын баг байгуулж, 391 байршилд газрын цахим дуудлага худалдааг зарлаж, зохион байгуулсан байна.

Өнгөрсөн онд 502 удаагийн цахим дуудлага худалдаанд нийт 521 оролцогч оролцжээ. Үүнээс дахин дуудлага худалдааг 159 нэгж талбарт зохион байгуулж, 163 нэгж талбарын 1754.11 га газрыг эзэмшүүлжээ. Дуудлага худалдаагаар 26.1 сая төгрөгийн дэнчин, 401.2 сая төгрөгийн газрын дуудлага худалдааны орлого төвлөрүүлж, ажилласан байна. Энэ нь өмнөх онтой харьцуулбал дуудлага худалдааны тоо 411 хувиар, орлого 768 хувиар, оролцогчдын тоо 162 хувиар тус тус өссөн байна. Завхан аймгийн хэмжээнд газрын биржийн цахим системийг бүрэн хэрэглээнд нэвтрүүлж, зохион байгуулсан дуудлага худалдааны тоогоор Сэлэнгэ аймгийн дараа улсдаа эхний хоёрдугаарт бүртгэгдсэн байна гэж аймгийн ГХБХБГ-аас нэмж дуулгав.

 

Related news