СЭЛЭНГЭ: Шилдэг ментор багш нар зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн туршлагаа хуваалцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-01-27 16:22:56

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Аймаг тус бүрийн ментор багш нар баг бүрдүүлэн орон нутгийн англи хэлний багш нарын мэргэжил, англи хэлний чадварыг дээшлүүлэх жижиг төсөл хөтөлбөр боловсруулах чадварт суралцсан байна.


"Давтан сургалт болон багш хөгжлийн төслөөр англи хэлний ментор багш нарыг чадавхжуулах” сургалт нь “BE INSPIRED - BE THE CHANGE AGENT” уриан дор энэ сарын 17-23-ны өдрүүдэд болжээ.


Сургалт нь дээрх багш нарын мэргэжлийн хөгжил, зөвлөн туслах чадварыг нэмэгдүүлэх. Тэдний орон нутаг, нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд гол зорилгоо чиглүүлсэн аж.  


Энэхүү сургалтад Сэлэнгэ аймгийн 2016 оны анхны ментор, Аксесс хөтөлбөрийг хэрэгжүүлэгч багш Э.Чулуунцэцэг, 2017 оны ментор Мандал сумын 1 дүгээр сургуулийн багш Д.Сувдбаяр, 2018 оны ментор Зүүнбүрэн сумын ЕБ-ын сургуулийн багш Э.Оюумаа, 2021 оны ментор Сүхбаатар сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн багш Ц.Энхсайхан, 2022 оны ментор Мандал сумын ЕБ-ын 4 дүгээр сургуулийн багш Д.Оюунтуяа нар хамрагдав.    


Сургалтыг АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албанаас зохион байгуулсан бөгөөд 2016-2022 онд Англи хэлний ментор багшийн сургалтыг амжилттай дүүргэсэн 200 ментор багш нараас шалгарсан шилдэг 100 ментор багшийг хамруулсан аж.  


Дээрх үйл ажиллагааны хүрээнд англи хэлний шилдэг ментор багш нар зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн туршлагаа хуваалцаж, хүрсэн ололт амжилт, тулгарсан бэрхшээлүүдээ ярилцсан байна.

Мөн багшийн хөгжлийн асуудлуудыг хэлэлцэн харилцан суралцаж, цаашид хийх ажлаа төлөвлөжээ.


Тухайн салбартаа арвин туршлага хуримтлуулсан, мэдлэг боловсрол өндөртэй, ажил мэргэжлийн тал дээр зөвлөгөө өгч, туршлагаа хуваалцахын зэрэгцээ дэмжлэг үзүүлж чадахуйц хүмүүсийг ментор гэдэг байна.


Менторууд зорилгоо тодорхойлох, зөв шийдвэр гаргах, бэрхшээлийг даван туулах, шинэ зүйл сурахад тань чиглүүлж өгөх гол багана байх юм. Гэхдээ менторууд заавал насаар ахмад хүн байх албагүй. Чиний ажилладаг салбарт манлайлдаг, тусламж зөвлөгөөг нь авахыг хүсдэг ямар ч хүнийг ментороороо сонгох боломжтой.


Ментор багш нь тухайн салбартаа арвин туршлага хуримтлуулсан, мэдлэг боловсрол өндөртэй, ажил мэргэжлийн тал дээр зөвлөгөө өгч, туршлагаа хуваалцахын зэрэгцээ дэмжлэг үзүүлдэг хүмүүс юм.

Related news