ДОРНОГОВЬ: Бөөрний өвчнийг анагаадаг Бүрдэнийн сувиллыг зориорой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-01-30 13:01:37

Дорноговь/МОНЦАМЭ/. Дорноговь аймагт дотоод болон гадаадын аялал жуулчлалыг татах байгалийн болоод түүхийн дурсгалт газрууд олон бий. Мөн  эмчилгээ сувиллын чиглэлээр ч аялагч үйлчлүүлэгчдэд зориулсан онцгой газрууд ч байдаг.

Энэ удаа Улаанбаатараас зүүн өмнө зүгт засмал замаар 550 гаруй км давхиад хүрдэг Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт байх бөөрний өвчинд нэн сайн гэгддэг Бүрдэнийн элсний сувиллыг онцолж байна. Сумын төвөөс баруун урагш 27 км зайд 11 орчим ам дөрвөлжин га талбайд хэсэг хэсгээр сунаж тогтсон элсэн манхан бүхий говийн баянбүрд бол байгаль эхийн нэгэн онцгой бүтээл төдийгүй зорин ирэх аялагч жуулчдын нүдийг хужирладаг газар юм.


Ид шид нь анагаах увидастай.

Хүн зоны өвчнийг илааршуулж, оюун санаанд хүрч гайхагдаж байна. Өмнөх нийгмийн үед улсын Клиникийн гуравдугаар эмнэлгийн эмч нар Бүрдэнийн элс бөөрний хурц архаг үрэвсэл, үе мөч, давсагны үрэвсэл зэргийг анагаах шидтэй болохыг судалж тогтоосноос хойш бөөрний сувиллын үйл ажиллагаа улсаас явуулж байжээ. Харин 1995 онд тус сувиллыг Эрдэнэ сумын мэдэлд бүрэн шилжүүлсэн төдийгүй 2011 онд байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан нь нутгийн унаган эко системийг хадгалж үлдэх, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлсэн байдаг. Бүрдэнийн амралтыг “Дагшин-Эрдэнэ” орон нутгийн өмчит компани хариуцан ажилладаг. 
Эдүгээ сувиллыг түшиглэж эмчилгээний аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бүрдэж байна. Үйл ажиллагааг нь өргөтгөх, ажиллах нөхцөл байдлыг сайжруулах үүднээс одоогоос гурван жилийн өмнө улсын төсвийн нэг тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар агаарын цахилгаан дамжуулах шугам барьж, 24 цагийн эрчим хүчтэй болгосон төдийгүй амрагчдын байр, эмнэлэг, хоолны тасалгаа, ариун цэврийн өрөө зэргийг тохижуулжээ. 
Сувиллын өрөөний дотоод тохижилт, тавилга, эд хогшил, шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэж байжээ. Эдүгээ Бүрдэнийн сувилал үйл ажиллагаагаа өргөтгөж Эрүүл мэндийн яамнаас баталгаажуулдаг магадлан итгэмжлэлд орох зорилтыг 2016 оноос хойш тавьж, бэлтгэл хангаж байна. Өөрөөр хэлбэл магадлан итгэмжлэлд орсон тохиолдолд сувиллын чиглэлээр Монгол Улсын анагаах ухааны салбарын эмчилгээ үйлчилгээний тогтоосон стандарт шаардлагыг хангаж үйл ажиллагаа явуулах болно. 
Сувилалд нэг эмч хоёр сувилагч ажилладаг бөгөөд бөгөөд цаашдаа хоёр эмчийн орон тоо шаардлагатай. Өнгөрөгч онд улсын Геологийн төв лабораторид элсний шинжилгээг 44 элементээр шинжлүүлэхэд үр дүн нь сайн гарч зөвхөн бөөрний өвчин биш үе мөч, хөл гар, бага насны хүүхдэд тохиолддог рахитыг эмчлэхэд ч сайн болох нь батлагджээ.
Элсний сувиллыг зорьж биеэ жил бүр эмчлүүлдэг хүний тоо ихэсчээ. Сүүлийн гурван жил, төдийгүй арваад жил тогтмол эмчлүүлж байгаа хүн бий. Сувиллаар жилдээ 300 гаруй хүн үйлчилгээ үзүүлдэг бол аялал жуулчлалын чиглэлээр 600-700 гаруй хүнд үйлчилдэг аж. Харин өвөл, хаврын улиралд үйл ажиллагаа нь түр зогсдог байна. 
Эмчилгээний сувилал нь зургадугаар сарын 20-ноос наймдугаар сарын 20-ныг хүртэлх хугацаанд үйлчлүүлэгчдээ хүлээн авч сувилал эмчилгээг үзүүлдэг. Учир нь энэ хугацаанд нарны эрчим хүч хамгийн их энерги ялгаруулж, элс эрчимтэй халдаг тул эмчилгээ хийлгэхэд тохиромжтой аж.


Нэг удаа 100 хүн хүлээн авах хүчин чадалтай төдийгүй халуун элсэнд хүний биеийг бүтэн булах хэлбэрээр эмчилгээ хийдэг. Сувиллын нэг хоногийн эмчилгээ, хоолны мөнгө нийлээд том хүн 33 мянган төгрөг, 0-2 насны хүүхэд үнэгүй, 2-6 насны хүүхэд 15 мянга, 6-13 насны хүүхэд 22 мянган төгрөг,  13-аас дээс насны хүүхэд том хүний тарифаар үйлчлүүлдэг.
Амрагч, сувилуулагчид ингэний буцалгаа ууж, халуун элсний шарлага хийж, элсэн манхан, зүлэг ногоон талбай дээгүүр хөл нүцгэн алхаж, ер бусын ундаргатай булаг рашаан, мэлхийтэй худаг, өрхий, заг, суль, шаваг, цулхир, хөмүүл зэргийг үзэж, говийн ургамал, байгалийн сонин сайхныг мэдрэх болно. Элсний эмчилгээнээс гадна сувилуулагчид ингэний халуун хоормогийг дотроосоо ууж эмчилгээгээ илүү үр дүнтэй болгодог.
Мөн эд эсийг нөхөн сэргээх зорилгоор физик эмчилгээ, иллэг, бариа заслыг хийдэг. Мөн энд 108 булаг ундардаг. Нэг зүйлийг онцлоход 200 гаруй жилийн өмнө говийн догшин ноён хутагт Данзанравжаа хийд байгуулсан үеэс шашны нэгэн зан үйлийг хийдэг байжээ. Эрэгтэй, эмэгтэй лам, зоч нарыг авчирч булаг бүрд нэг хоног ном уншуулж лүйжин тавьдаг зоч, лам нарыг бэлтгэдэг байсан баримт бий.
Одоо ч гэсэн Монголын лүйжинч лам нар энд ирж гурваас долоо хоног баясалгал хийх явдал бий. Лүйжин нь бие хэл сэтгэлийн элдэв бузар, мууг арилгахад харанхуй үдэш, бүрийд уншдаг ном. Мөн булгийн хойд хайрхныг талын догшин Догмиддорж уул гэдэг бөгөөд энд эртний амьтдын чулуужсан мод байдаг. Уулын энгэрт дээрх хийдийн туурь бий. Бүрдэнэ булаг гэх ийм нэгэн үүх түүхтэй, эмчилгээ сувиллын газрыг хүн зон андахаа байжээ. Бас мэдэхгүй ч хүмүүс олон бий. Монгол орны дорно зүгийн хилийн манаа, говийн баян бүрд бүхий байгалын үзэсгэлэн бүрдсэн газар орныг зорин ирэх гийчдийн тоо жил бүр нэмэгдэж байна. Сонирхсон хүмүүс 96645202 утсаар холбогдож болно.

 

Related news