ДОРНОГОВЬ: “Нээлттэй Дорноговь” хөтөлбөр боловсруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-02-02 14:06:21

Дорноговь /МОНЦАМЭ/. Засгийн газраас хэрэгжүүлж буй төвлөрлийг сааруулж, хөдөөд сайхан амьдрах боломжийг бүрдүүлэх бодлогын хүрээнд аймгуудад хүн амаа өсгөх чиглэл өгсөн. 

Дорноговь аймаг хүн амаа өсгөх зорилгоор Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах боломжийг бүрдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжих зорилгоор “Нээлттэй Дорноговь” хөтөлбөр боловсруулж эхлээд байна.

Дээрх зорилтын хүрээнд төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, Дорноговь аймагт шилжин суурьших иргэдэд төрийн үйл ажиллагаагаа нээлттэй байлгах, орон нутагт дутагдалтай байгаа мэргэжлийн боловсон хүчнийг суурьшуулахад анхаарах, шилжин суурьшихад тохиолддог хүндрэл бэрхшээлийг арилгах, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах замаар аж ахуй нэгжүүдийн уялдаа холбоог хангах, иргэдийн сэтгэл хандлагад эерэг өөрчлөлт үзүүлэх, мөн орон нутгийн төрийн бус байгууллагуудыг дэмжих зэрэг ажлыг төлөвлөж, аймгийн ИТХ-аар хөтөлбөр болгон батлуулахаар ажиллаж байгаа  хэмээн Дорноговь аймгийн ЗДТГ-ын дарга Н.Хонгорзул өгүүлэв.

Дорноговь аймаг авто зам, төмөр зам зэрэг тэд бүтэцийн давуу талаа ашиглаад Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг тодорхойлох  аж үйлдвэрийн томоохон хот болон хөгжиж эхлэл тавигдсан төдийгүй хөгжлийн томоохон хөтөлбөрүүдтэйгээ уялдуулж хүн амаа өсгөх бодлого тавьж байгаа аж. Өөрөөр хэлбэл аймгийн хөгжлийн бодлогын баримт бичгүүдтэйгээ уялдуулж, шилжин суурьшигчдыг хүлээн авах бодлого баримталж буй юм.

Related news