Сэлэнгэчүүд ургац хураалтын төлөвлөснөөсөө 130-аад хувь давуулан биелүүлэх боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-08-31 13:05:06

Сэлэнгэ аймаг 2016 оны хаврын тариалалтаа чанарын өндөр түвшинд уриншийн 1, 2-р боловсруулалтаар бэлтгэж, эргэлтийн талбайгаа 100 хувь ашигласан байна.

Тус аймаг энэ онд нийтдээ 176.6 мян.га талбайд тариалалт хийснээс 141.5 мян.га-д улаанбуудай, 1496 га арвай, 3254 га овъёос, 1047 га гурвалжин будаа, 5438 га тэжээлийн ургамал, 23791 га тосны ургамал, 3268 мянган га төмс, 2452 мянган га талбайд хүнсний ногоо,  8,2 га-д жимс жимсгэнэ тариалснаас 7,3 га-д чацаргана, 0,9 га-д үхрийн нүд, тариалж, 35,6 мянган га механик уринш, 92,9 мянган га химийн уринш буюу нийт 128,5 мянган га талбайд тариалалт хийжээ.

2016 оны 04 дүгээр сарын 10-наас эхлэн Ус, цаг уур орчны шинжилгээний газартай хамтран үүлэнд зориудаар нөлөөлж, хөрс, агаарын чийгийг нэмэгдүүлснээр үр тариа, тэжээл, тосны ургамлын соёололт, бутлалт жигд сайн байсан байна. Аймгийн хэмжээнд ерөнхийдөө үр тарианы соёололтын үнэлгээ нь 38854 га талбай онц буюу 26.4 хувь, 99025 га талбай сайн буюу 67.2 хувь, 9460 га талбай дунд буюу 6.0 хувийг эзлэж байгаа юм. Сум бүрт ургацын урьдчилсан баланс тогтоох ажлын хэсгийг сумдын Хөдөө аж ахуйн тасгийн агрономич, аж ахуйн нэгжийн туршлагатай агрономууд, тариалангийн холбооны төлөөллийг оролцуулан энэ сарын 15-наас 20-ны дотор зохион байгуулснаар ургац тогтоолтын урьдчилсан баланс гарчээ. Үүгээр улаанбуудай 141,5 мян.га-гаас 17,8 цн буюу 250,3 мян/тн, бусад үр тариа 5797 га-гаас -15,0 буюу 8714 тн, тэжээлийн ургамал 5438 га-гаас 22,7 цн буюу 12,3мян/тн, тосны ургамал 23,7 мян.га-гаас 6,3 цн буюу 14,9 мян/тн тус тус хураан авч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдтай байгуулсан гэрээнд тусгагдсан ургацаа 135-181 хувиар давуулан биелүүлэх төлөвтэй байна.

Мөн  төмс 3268 га-гаас 146,2 цн буюу 47,7 мян/тн , хүнсний ногоо 2454 га-гаас 152 цн буюу 37,1 мян/тн ургац хураан авч төлөвлөсөн ургацаа 114-127 хувиар давуулах төлөвтэй байгаа аж. Цаашид цаг уурын тааламжтай нөхцөл бүрдвэл үүнээс өндөр ургац авах боломж байгаа хэмээн аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

Related news