ДОРНОГОВЬ: Шинэ сургууль ашиглалтад ороход бэлэн болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-02-06 14:06:32

Дорноговь /МОНЦАМЭ/. Одоогоос хоёр жилийн өмнө Сайншанд сумын зургадугаар баг буюу Офицерын 80 айлын орон сууцны баруун талд эхэлж байсан 640 хүүхдийн багтаамжтай ерөнхий боловсролын сургуулийн барилгын ажил дуусах дөхжээ.

Барилгын ажлыг орон нутгийн хөгжлийн сангийн 4.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Болор-Аграмба” ХХК гүйцэтгэж байна. Барилгын гадна доторх засал чимэглэлийн ажил үргэлжилж байгаа бөгөөд энэ хавар дуусгах төлөвлөгөөтэй гэж албаныхан мэдэгдэв.

Тус сургуульд суралцах хүүхдүүдийг Сайншанд сумын ерөнхий боловсролын I, II, III, V  сургуулийн тодорхой анги бүлгээс шилжүүлэн суралцуулахаас шийдвэрлэсэн байна. Сургууль нь багш бүрд зориулсан кабинет байхаас гадна спорт заал, урлаг заал,  зургаан настай хүүхдүүдэд зориулсан өдөр өнжүүлэх танхим ажиллахаараа онцлог юм.

Шинэ сургууль ашиглалтад орсноор Сайншанд сумын ерөнхий боловсролын сургуулийн анги танхимын хүрэлцээ 100 хувьд хүрч, сурагчдын сурах боломж нөхцөл нэмэгдэх юм.

Related news