ДОРНОГОВЬ: Иргэдийг цэвэршүүлсэн усаар хангаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны есдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Дорноговь
аймгийн Хатанбулаг сумын ЗДТГ-аас сумын иргэдийг
цэвэршүүлсэн ундны усаар хангах зорилгоор автомат цэвэршүүлсэн усны төвийг ашиглалтад оруулсан байна.
Цэвэршүүлсэн
усны төв нь сумын нутаг дэвсгэрт байршилтай бөгөөд 24 цагийн автомат
ажиллагаатай төдийгүй бусад багийн иргэд үйлчлүүлэх бүрэн боломжтой
юм. Говийн ус зарим тохиолдолд хатуулаг ихтэй, хүнд металл байдаг учраас ус
цэвэршүүлэгч технологи бүхий шүүх төхөөрөмжөөр шүүж иргэдийн ундны усны
хэрэгцээг хангаж байгаа юм.
Иргэд
хүссэн цагтаа өөрийн усны картаа уншуулаад дэвшилтэт тоног төхөөрөмжөөр шүүж
цэвэршүүлсэн эрүүл аюулгүй ундны усыг ашиглах боломжтой болж байна. Хатанбулаг сум
Сайншандаас 240 км алслагдсан бөгөөд манай улсын
нүүрсний экспортын Ханги хилийн боомттой 3100 орчим хүн амтай.