ДОРНОГОВЬ: Миномётоо үүрч алсын барааг ширтэх баатар эр

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-02-06 14:43:25

Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд хотын түүх, өв соёл, бахархалт үйл явдлыг харуулсан хөшөө дурсгалаас толилуулж байна. Миномётоо үүрч алсын барааг ширтэн зогсож байгаа дайчин цэргийн дүр бүхий хөшөө Сайншанд сумын арын хөтөл дээр сүндэрлэнэ.

Дорноговь аймгийн Иххэт сумын уугуул Дашийн Данзанваанчиг Монгол ардын армийн хуягт бригадын миномёт пулемётын наводчик байхдаа 1945 оны чөлөөлөх дайнд оролцож, Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг цөмлөн, Японы милитаристуудыг бут цохиход баатарлаг байлдаж таван удаа шархадсан ч тулалдаж гарамгай гавьяа байгуулжээ.

Данзанваанчигийн миномётын галыг устгахын тулд дайсан улайран хамаг сумаа хайр найргүй цацаж байсан боловч үнэн хэргийн төлөө мохошгүй зориг, өндөр ухамсраар жигүүрлэсэн манай дайчдын сөрөг давшилтыг саатуулан барьж дийлсэнгүй... дурдатгал ийн хөвөрнө.

Энэ тулалдаанд Данзанваанчигийн ууц, баруун гар нь тус бүр хоёр удаа, зүүн хөл нь нэг удаа шархдаж хөдлөх аргагүй болсон хэдий ч шархаа боож биеийг нь тэнхрүүлж байсан өөрийн туслах Цэрэндоржид “Чи намайг сахисны хэрэггүй, нөхөдтэйгөө түргэн явж асгаруулсан цусны минь өшөөг ав, миномётоо аваад зөвхөн урагшаа давш” гэж нөхрийг зоригжуулж байлаа.

Дайны талбарт шарх нь хүндрэн тэсэхэд бэрх болж үхэл амьдрал өрсөлдөж байсан тэр үед Данзанваанчиг эрс хатуу тэвчээртэй байж, өөрийг нь барихаар довтолсон дайсны галын цэг, амьд хүч олныг устган таван удаа хүнд шархадсан боловч тулалдааны замаас гаралгүй дайсны өөдөөс сөрөн довтлох үүргээ биелүүлжээ.

“Манай анги Жанчхүүгийн даваанд Чуулалт хаалган орох замыг хааж техникийн сүүлийн үеийн ололтыг ашиглаж барьсан бүхэл бүтэн барилга байгууламж бүхий районыг /35 км өргөн, 10 км гүн/ эзлэн авах байлдааны чухал үүргийг хүлээсэн юм” хэмээн өөрийн дурсамждаа даруу бичиж үлдээсэн түүхт баатрын тухай олон зохиолч, яруу найрагч утга найргийн алтан суварга үлдээсэн байна.

Улаан гал шүрших сумыг сөрөн зогсож Монгол орныхоо тусгаар тогтнол ирээдүйн сайн сайхны төлөө баатарлаг гавьяа байгуулсан чин зоригт шонхруудын нэг улсын баатар Дашийн Данзанваанчиг Дорноговь аймгийн Дэлгэрхэт сумын I багийн нутаг Эрдэнэцогт гэдэг газар 1918 онд Дашийн арав дахь хүү болон мэндэлжээ.

Эдүгээ ялалтын баяр хийгээд эх орны тусгаар тогтнолтой холбоотой баяр ёслолын үеэр говь нутгаас төрсөн баатар цэргийн хөшөөнд хүндэтгэл илэрхийлж, дунд сургуулийн сурагчид өсвөр насныхан эх орныхоо баатарлаг ялалтын үүх түүхээс суралцаж, бахархахаас гадна говь нутгийг зорьсон аялагч жуулчид улсын баатрын хөшөөг үзэж сонирхдог уламжлал тогтоод байна.

Түүний баатарлаг үйлсийг үнэлж Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар 1945 оны есдүгээр сарын 26-нд Монгол Улсын баатар цолоор шагнасан. Хөшөөг Дорноговь аймаг байгуулсны 80 жилийн түүхт ойг тохиолдуулан барималч Б.Мөнхтөр, С.Оюунтуяа нар урлажээ.

Related news