ДОРНОГОВЬ: Түрээсийн орон сууцны барилга ашиглалтад орох дөхжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-02-07 11:29:35

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн төв Сайншанд хотод барьж байгаа түрээсийн орон сууцны барилга ашиглалтад орох дөхжээ.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 7 дугаар сарын 23-ны тогтоолоор Дорноговь аймгийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам батлагдаж, аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Сайншанд, Замын-Үүд сумын нутагт хоёр өрөө бүхий 288 айлын дөрвөн блок түрээсийн орон сууцыг 2021-2023 онд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн юм.

Түрээсийн орон сууцанд төрийн албан хаагч, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд түүнийг халамжлагч гэр бүл, залуу гэр бүл, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, 18 хүртэлх насны 3 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх гэсэн зорилтот бүлгийн иргэд батлагдсан квотын дагуу хамрагдана. 

Дээрх журмаар тухайн иргэн таван жил хүртэлх хугацаанд түрээсэлж байх явцдаа урьдчилгаа 30 хувийг хуримтлуулж, түрээсийн орон сууцаа өмчлөх боломжтой аж. Түрээсийн орон сууцны ам метрийн үнийг одоогоор хараахан тогтоогоогүй бөгөөд зах зээлийн үнэ ханшид тулгуурлаж үнийг тогтоох тухай албаныхан мэдэгдэв. Түрээсийн орон сууц төслийг “Дорноговь орон сууц” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар хариуцан хэрэгжүүлнэ.

Ташрамд дурдахад, түрээсийн орон сууц нь Дорноговьд анх удаа бүрэн цутгамал байдлаар барьж байгаа нь чанарын хувьд дэвшил болоод байгаа юм.

Related news