ДОРНОГОВЬ: Бяцхан сурагч “Сүүлчийн дугаар” өгүүллэгийг уран уншиж түрүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Аймгийн төв номын сангаас тус аймгийн Дэлгэрэх сумын уугуул, Монголын үргэлжилсэн үгийн нэрт зохиолч Нанзадын Надмидын 100 жилийн ойд зориулан хүүхэд багачуудын дунд зохиолчийн өгүүллэгийг уран унших уралдаан зарлаж дүнгээ гаргажээ.
Ахлах болон бага насны ангиллаар зохион байгуулсан богино өгүүллэгийн уралдааны бага насны ангилалд Сайншанд сумын ерөнхий боловсролын VI сургуулийн 3в ангийн сурагч Амарбаярын Нандин-Эрдэнэ тэргүүн байрт шалгарчээ. Тэрээр нэрт зохиолчийн “Сүүлчийн дугаар” өгүүллэгийг уншсан байна.
А.Нандин-Эрдэнэ бага наснаасаа номтой нөхөрлөсөн бөгөөд аав нь үдэш болгон үлгэр ярьж өгч унтуулдаг байжээ. Дөрвөн настай байхдаа илтгэлийн уралдаанд ороод тэргүүн байрт шалгарч байсан тэрээр говийн ноён хутагт Лувсанданзанравжаагийн зохиол бүтээлээс уншиж цээжлэх дуртай нэгэн ажээ.

Ulaanbaatar