Монгол оронд 1957 онд хамгийн хүчтэй газар хөдөлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2023-02-08 10:21:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол орны Алтайн нурууны Их Богдод 1957 оны 12 дугаар сарын 4-нд хүчтэй газар хөдөлж, газар дор 30 км байсан голомтод 11-12 балл хүрсэн мэдээлэл бий.


Ийм хүчтэй газар хөдлөлт хуурай газар ховор тохиолддог бөгөөд 80 км үргэлжилсэн уул нуруу өргөгдөж, хойш хөдөлж, 8,5 метр өргөгдсөн нь шинжлэх ухаанд баттай бүртгэгдсэн дээд хэмжээ аж. Мөн 10 метр өндөр чулуун давалгаа мэт бүтэц Торомхон гэдэг газар үүсэж,  Бахар уулын орой хэсэг нурахдаа хоёр голын хөндийг хааснаар Оюу, Номин нуур бий болсон түүхтэйЭхлээд бүгт дуу гарснаа, дараа нь хүчтэй дэлбэрэлт адил чимээ гарч, тэнгэр тулсан шороо тоос босож, 230 км үргэлжилсэн уул нурууг бүрхэж, 100 метрээс цааш юм үзэгдэхгүй, 2 хоногийн дараа агаар цэвэршсэн. Газраас ус оргилж, 30 гаруй км урт урссан гол үүссэн ч 4 жилийн дараа татарсан байна. 


Газар 300 км уртаар хагарахад олон мал унаж үхсэнээс гадна хагархайн 2 тал дээш доош зөрж, өргөгдсөн хэсэг өргөгдөөгүй дээрээ давж нөмрөн тогтох, газар хойш шилжсэн, атирсан, овойсон гээд содон үзэгдлүүд гарсан байдаг. Уулын чулуу бэл рүүгээ ихээр өнхөрч, 13 хүн амь насаа алдаж, 1000 гаруй мал хад чулуунд цохигдон үрэгджээ. Газар хөдлөлтийн улмаас 2 аймгийн 4 сумын төв газрын хөрснөөс арчигдан, тухайн үед 10 сая төгрөгийн хохирол учирсан байна. Энэ газар хөдлөлт нь 5 сая ам км нутаг буюу 3 улсад мэдрэгдэн, 300 мянган ам км нутагт барилга байшинд нэлээн хохирол учирсан. Газар хөдлөлтийн голомтоос 700 км зайтай Улаанбаатарт 5-6 балл хүчтэй мэдрэгдэн, хана цуурах, шавар шохой унах, барилга суух зэрэг гэмтэл гарчээ. Ховорхон хүчтэй газар хөдлөлт хүн ам сийрэг нутагт болсноор харьцангуй бага шуугиан дэгдээсэн ч шинжлэх ухаанд тодоор тэмдэглэгдэн үлдсэнийг БОАЖЯ мэдээлж байв. Түүнчлэн, энэ газар хөдлөлт ОХУ-ын Улаан-Үд, Читад 4 балл, Эрхүүд 5 баллын хүчтэй доргижээ. Барилга байгууламжид бага зэрэг гэмтэл учирсан ч Эрхүүгийн УЦС-ын шороон далан нягтарч, ус шүүрэх магадлалыг үгүй болгосон нь газар хөдлөлт барилга байгууламжид сайнаар нөлөө үзүүлсэн маш ховор тохиолдол аж. 


Монгол оронд хамгийн сүүлд 2021 оны 1 дүгээр сард Хөвсгөл аймгийн Ханх сум орчимд, 1991 оны 12 дугаар сард мөн аймгийн Цагааннуур сумын Бүсийн гол гэдэг газар 6,5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн юм. 


Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт 6.5 магнитудын газар хөдөлснөөс хойш хагас жилийн хугацаанд 80 мянга гаруй удаа газар хөдлөлт бүртгэгдсэн. Үүнээс 3.5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 222 удаа байв. Газар хөдөлсөн хэсэг нь 2018 онд гаргасан газар хөдлөлтийн ерөнхий мужлалын зургаар VIII  баллын бүсэд хамаарч байгаа бөгөөд энд 1950 онд 6.8, 1985 онд 5.3 магнитудын хүчтэй газар хөдөлж байсан түүхтэй аж. 

Related news