Монгол Улсын аврагчид Газиантеп хотын нисэх буудалд буулаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2023-02-08 15:14:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн эмч, эмнэлгийн ажилчид, онцгой байдлын албаны аврагчдаас бүрдсэн баг зорьсон газраа саадгүй хүрч  Газиантеп хотын нисэх буудалд орон нутгийн цагаар 09.50 буюу Монголын цагаар 13.30 цагт амжилттай газардлаа.

 

Тус баг байгалийн гамшигт өртөн хүнд хохирол амсаад буй БНТУ-ын ард түмэнд туслахаар урьд шөнө эх орноосоо мордсон. Тэд одоо гамшгийн голомт болох Хатай муж руу автобусаар 200 километр зам туулан очих бөгөөд яг одоо онгоцноос хүмүүнлэгийн тусламжийн бараа, материалаа тээвэрлэж байгааг Батлан хамгаалах яам мэдээлэв. Мөн энэ мөчид Франц, Солонгос, Итали Улсын цэргийн эмнэлгийн багууд Газиантеп хотод буугаад байгаа аж.


Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, Бригадын генерал Б.Ууганбаяр хүмүүнлэгийн бараа бүтээгдэхүүнийг БНТУ-ын гадаад хэргийн яамны тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Мустафа Юурдакулад гардуулжээ.

БНТУ-ыг зорьсон эрэн хайх, аврах багийн 11 гишүүн нь Зэвсэгт хүчний алба хаагчид ба Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Сүх-Очир ахалж, эмнэлгийн талаас Цэргийн төв эмнэлгийн Аврахуйн анагаах ухаан эрхэлсэн орлогч дарга, дэд хурандаа Л.Лувсандорж удирдаж буй.






Related news