ЗАВХАН: Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналтын ажлыг эрчимтэй хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-02-08 17:50:52

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймаг малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд аймгийн Засаг даргын нөөц сангаас 11,1 сая төгрөг, сумдын ЗДТГ-аас 44,3 сая төгрөгийн санхүүжилтийг зарцуулжээ.

Тодруулбал, аймгийн хэмжээнд малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хаврын вакцинжуулалтад 11623 өрхийн 238969 толгой мал, намрын вакцинжуулалтад 11300 өрхийн 309673 толгой малыг хамруулжээ.

Өнгөрсөн онд тус аймагт малын шүлхий өвчнөөр 8 сумын 10 багийн 13 голомтод 471 өрхийн 55939 толгой мал өвчилж эдгэрсэн. Харин мөн оны 09 сарын 02-ны  өдрөөс  хойш малын халдварт өвчний дуудлага ирээгүй, өвчлөл бүртгэгдээгүй байна.

Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг холбогдох байгууллагууд, малчид иргэдтэй хамтран эрчимтэй хийсний үр дүн гарсан. Одоогоор тус аймагт малын халдварт өвчингүй бүс хэвээр байгаа.

Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт  9 төрлийн арга хэмжээнд 2.264.7 мянган мал хамрагдахаас 2.255 мянган мал хамрагдаж, 99.6 хувийн биелэлттэй байна. Шимэгчлэх өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 3701,1 мянган мал хамрагдахаас 3717.7 мянган мал хамрагдаж 100.4 хувийн биелэлттэй. Харин мал эмнэлгийн ариутгал халдваргүйтгэлд 1350.0 мянган м2 талбай хамрагдахаас 1400.0 м2 талбай ариутгаж 103.7 хувийн биелэлттэй байна. Хээлтүүлэгч малын бруцеллёзын тандалт шинжилгээнд 17.9 мянган мал хамрагдахаас 11.3 мянган малыг хамруулаад байна гэж Завхан аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

Ташрамд тус аймгийн нутагт гадна аймгаас ирж отроор өвөлжиж буй малчид их хэмжээний нядалгаа хийсний улмаас байгаль орчныг бохирдуулсан байсныг цэвэрлүүлсэн.

Тодруулбал, Ургамал сумын нутаг Аргалын харын Улаан үзүүр гэх газар Увс, Ховд аймгаас отроор ирж өвөлжиж буй нэр бүхий иргэд их хэмжээгээр мал нядалж, 673 м2 газарт, 6 тн гаруй малын дайвар бүтээгдэхүүн, хаягдлыг ил задгай  хаяж,  хог  хаягдал  үүсгэсэн  байсныг цэвэрлүүлсэн. Энэ хэрэгт Цагдаагийн байгууллагаас зөрчлийн тухайн хуулийн холбогдох заалтаар арга хэмжээ авч дахин ийм үйлдэл гаргахгүй байх.

Мөн газраас салахгүй хөлдсөн сэвсний  үлдэгдлийг газар гэсэхээр цэвэрлэж, шатаалгах, ариутгах үүргийг тухайн сум, багийн удирдлагуудад өгсөн байна.

Ер нь мал их хэмжээгээр нядалж, малын дайвар бүтээгдэхүүнийг ил задгай хаясан иргэнд, зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авдаг. Манай иргэд өвлийн улиралд хээр, бэлчээрт малыг их хэмжээгээр нядалж, малын дайвар бүтээгдэхүүнийг ил задгай орхиод явдаг.

Хавар газар гэсэх, дулаарахаар энэхүү хаягдал нь орчныг бохирдуулах, малын халдварт өвчний голомт үүсэх нөхцөл болдог. Судалгаагаар өвлийн улиралд нэгээс гурван сарын хугацаанд гоц халдварт өвчний тархалт хамгийн их идэвхжил өндөртэй байдаг. Учир нь хүйтний улиралд вирус гадаад орчинд удаан хадгалагддаг. Тиймээс вирусийн гаралтай өвчин дамжих, тархах эрсдэлтэй байдаг гэдгийг онцгойлон анхааруулж байна гэж  аймгийн ХХААГ-аас нэмж дуулгав. 

Related news