XIX зууны урчуудын хосгүй нандин шүтээнүүдийг өнөө цагийн уран үйлчдийн бүтээлүүдтэй дэлгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-02-09 18:06:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэнгийн хойморт Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн алтан сан хөмрөгт хадгалагдаж буй шүтээн урлалын дээжээс заларлаа.


Үзэсгэлэнг Богд хааны ордон музей, Гандантэгчинлэн хийд, “Мандчирын наран” ТББ-аас хамтран тав дахь жилдээ зохион байгуулж буй юм.


Шүр, сувд тэргүүтэй эрдэнээр чимж, алт, мөнгөн утас дарж оёсон зээгт наамал бүтээлүүдийг XIX зуунд урласан гэдгийг үзэсгэлэнг зохион байгуулагчид онцлов. Бүтээлүүд ямар дамжлагаар, хэрхэн хамгаалж ирсэн нь тус хийдийн хувьд нууцын зэрэглэлтэйд тооцогддог. Эдгээр шүтээнийг Гандантэгчинлэн хийд олон нийтэд дэлгэдэггүй, зөвхөн тусгай хурал номын үеэр залдаг байна. Сандуй, Жамсран, нархажид зэрэг монгол түмний шүтээн, хамгаалагч сахиус бурхдыг ойроос харах ховорхон боломж олгож буйгаараа тус үзэсгэлэн онцлогтой.


Түүнчлэн өнөө цагийн үйлчдийн урласан уран нарийн хийцтэй, өнгө, бэлгэдлийн төгс зохицолтой уран хатгамал, эсгий ширмэл, торгон зураг, зээгт наамлаар урласан бурхан шүтээн, аяганы уут, хөөрөгний даалин, малгай бүс, дээл, гутал хувцас зэргийг дэлгэжээ. Тухайлбал, зүү ороох хатгамлаар урласан Атистидийн дээдийг хайрлагч эх Жанлавцогзол судар бүхий Өндөргэгээн, Алтансоёмбо, зээгт наамлаар урласан Эгшигт охин тэнгэр Янжинлхам, зүү ороож хатгасан Хаан төрийн 7 эрдэнэ гэх мэт уран нарийн хийцтэй бүтээлүүдийг үзэх боломжтой.


Энэ удаагийн үзэсгэлэнд бүтээлийн эх зургаа өөрөө  гаргадаг хатгамалчдын бүтээл томоохон байр суурь эзэлж байна.


Энэхүү үзэсгэлэнд анх удаа оролцож буй уран хатгамалч Ц.Тодгэрэл, “2010 оноос зүү ороох хатгамлаар урлан бүтээж эхэлсэн. Энэ хугацаанд таван шүтээн, Цагаандарь эхийн нэг судар, 30 гаруй даалин, 30 гаруй хавтага, нэг тоорцог урлаад байна. Тоорцогтоо бадамлянхуа, вансэмбэрүү, алтанзул, бэрцэцэг, яргуй, цагаан уул цэцгийг зүү ороох хатгамлаар урласан. Энэхүү үзэсгэлэнд битүү хатгамалтай Ногоон дарь эх шүтээн, нагтан байдлаар бүтээсэн Гомбо бурхан, даалингуудаа дэлгэлээ. 2017 онд Гандантэгчинлэн хийдийн харьяа өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Бурханы шашны дээд сургуулийн шүтээн урлалын ангийг төгссөн учир зургаа өөрөө гаргадаг. Миний бүх бүтээл нэг ч давтагдаагүй, тухайн хүндээ зориулж урладаг. Давуу тал нь наалт ашиглахгүйгээр шууд торгон дээр оёдог, оёдлын машин хэрэглэхгүйгээр гараар битүүлж, дүүргэж урладаг” хэмээсэн юм.


“Будда” зээг, зээгэн хатгамал, чөлөөт ширмэл бүтээлээрээ оролцож буй уран хатгамалч Э.Цэцэгээ, “Энэ үзэсгэлэнд тав дахь жилдээ оролцож байна. Өмнө нь 2019 онд “Хүннү” зээгт ширмэл бүтээлээрээ Хатан бүтээлийн шагнал хүртэж байсан. Энэ жил түүнийгээ дараагийн түвшинд гаргасан, зээгт наамал оруулж, дээрээс нь зээг юм шиг хатган ширмэл бүтээлээрээ оролцож байна. Оёхдоо зурж байгаа мэт технологийг түлхүү ашигласан. Аль болох шинэлэг, арт бүтээл хийхийг зорьсон” гэв.


Бартай, луутай, 9 луут, 10 луут даалин, Гомбо, Жанрайсэг нагтан бүтээл өмнө нь давтагдаж байгаагүй, өнгө, дүрслэлийн өвөрмөц мэдрэмж төрүүлнэ. Гар хивсэн зураг буюу гоблен урлалын зураг дүрслэл, илэрхийлэмж хоёр өөр нийгэм цагт хэрхэн хувьсан өөрчлөгдөж буйг, уламжлалт хэв шинжийг орчин үетэй хэрхэн хослуулж болохыг ч энэхүү үзэсгэлэнгийн нэг хэсэгт дэлгэн харуулжээ.


Энэхүү үзэсгэлэнгийн Хаан, Хатан бүтээлийн эзэд энэ сарын 17-нд тодрох юм. XIX зууны урчуудын хосгүй нандин шүтээнүүдийг өнөө цагийн уран үйлчдийнхтэй зэрэгцүүлэн харах боломж олгодог тус үзэсгэлэн Богд хааны ордон музейд энэ сарын 17-ныг хүртэл олны хүртээл болно.












Related news