ДУНДГОВЬ: Цагаан идээ, бусад бүтээгдэхүүний үнэ ханш өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-02-10 17:08:20
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монголчуудын хувьд, уламжлалт баяр болох сар шинийн өдрүүдэд тавгийн идээ, шүүсээ хэрхэн засахаас ирж буй жилийн өнгө тодордог хэмээн бэлгэшээдэг.

Тиймээс өрх бүр идээ, шүүсээ бэлтгэж, худалдан авалт хийж байгаа энэ үед идээ, цагааны үнэ ханш ямар байгааг хүргэж байна.

Дундговь аймагт ихэнх айл идээгээ хэвийн боовоор, цөөн өрх ааруул тойруулан өрдөг. Залуу гэр бүл ихэвчлэн 15-аар, өндөр настай ахмадууд 29 (7 үе), дийлэнх өрх 21 боовоор идээгээ засдаг бөгөөд идээний үеийг “жаргал”-аар эхэлж, төгсгөдөг уламжлалтай. Хэвийн боовны үнэ энэ сарын 10-ны байдлаар тус аймагт 3600-4000 төгрөгийн үнэтэй байна.

Идээн дээрээ ааруул тойруулж, ихэнх өрх цагаан тос, өрөм, ёотон, шүүрмэл, цагаан самар буюу үрлээр өнгөлж, идээний өнгийг цагаан өнгөөр дагнахыг эрхэмлэдэг. Тэгвэл нэг кг ааруул 35000-40000, хангайн шүүрмэл 25000, цагаан тос нэг кг нь 35000, өрөм 25000 төгрөгөөр худалдаж байна.

Түүнээс гадна хонины нэг кг мах 9000-9500, ууцных 10000, нэг литр айраг 7000, шимийн архи 8000, ингэний хоормог 9000-1000, стужин 15000 төгрөгийн үнэтэй байна.

Аймгийн Статистикийн хэлтсээс гаргасан зарим гол нэрийн барааны үнэ ханшийн мэдээгээр тус аймагт нэг кг I гурил 2450, хонины ястай мах 9500, ямааны мах 8500, элсэн чихэр 3450, үхрийн сүү 4000, цагаан будаа 3700 төгрөгийн үнэтэй байгаа ба өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад I гурил 800 төгрөг, хонь, ямааны мах 1000, элсэн чихэр 250, үхрийн сүү 500, цагаан будаа 680 төгрөгөөр тус тус нэмэгджээ.

Нэг литр АИ-80 шатахууны үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс 180, АИ-92 шатахууны үнэ 150, дизель түлшний үнэ 1100 төгрөгөөр тус тус нэмэгдэж, 2 дугаар сарын 6-ны байдлаар АИ-80 шатахуун 2510, АИ-92 шатахуун 2530, дизель түлш 3980 төгрөгийн үнэ ханштай байгаа аж.

Монгол банкны тус аймаг дахь салбарын 2022 оны 12 дугаар сарын гаргасан мэдээгээр хадгаламж эзэмшигчдийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 3900 хүнээр буурч, зээлдэгчдийн тоо 2500 хүнээр нэмэгджээ. 


Related news