БАЯНХОНГОР: "Түйн голын жавар 2023" өвлийн наадам өргөн дэлгэр боллоо

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2023-02-13 10:03:24

Баянхонгор /МОНЦАМЭ/. "Түйн голын жавар 2023" өвлийн наадам Баянхонгор аймагт долоо дахь жилдээ өргөн дэлгэр боллоо.

Энэ сарын 11, 12-нд Түйн голын толин цэнхэр мөсөн дээр болсон тус наадамд 20 сум, аймгийн төвийн баг, төрийн болон ТББ, хувийн хэвшлийнхэн, иргэд нээлттэй оролцов.

"Түйн голын жавар-2023" өвлийн наадмын хүрээнд долоон төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулж, төрөл тус бүрд аваргуудыг шалгаруулж урамшуулав. Цар тахлаас шалтгаалан өнгөрсөн гурван жил тасраад байсан энэхүү өвлийн наадмаар мөсөн шагайн харваа, мөсөн сурын харваа, монгол үндэсний хувцастай сайхан хос шалгаруулах тэмцээн, тэшүүрийн уралдаан, шилдэг мөсөн бүтээл шалгаруулалт, мөсөн дээрх дрифтээс гадна "Баянхонгорт үйлдвэрлэв" худалдаа, морь, тэмээ унах, гэрэл зураг татуулах үйлчилгээ, үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлсэн хөтөлбөрүүд багтсан нь онцлог болов.

Ташрамд дуулгахад, Энэ онд үндэсний томоохон эвент болох Монгол түмний Харвуул их наадмыг 7 дугаар сарын 19, 20, 21-нд Баянхонгор аймагт зохион байгуулна.