ДОРНОГОВЬ: "Цагаан сар" үээсгэлэн худалдаанд 100 гаруй аж ахуй нэгж, иргэн оролцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Жил бүрийн сар шинийн баярыг угтан уламжлал болгон зохион байгуулдаг “Цагаан
сар-2023” үзэсгэлэн худалдаа Сайншанд сумын Хүүхдийн ордон, Соёмбо цогцолборын
танхимд өнгөрсөн амралтын өдрүүдэд
боллоо. Арван таван жилийн өмнө анх зохиогдсон үзэсгэлэн худалдаанд 30 гаруй аж
ахуйн нэгж, иргэн оролцож байсан бол жил бүр өргөжин тэлсээр 100 гаруй аж ахуйн
нэгж, иргэн оролцдог болсон нь иргэдийн дунд хүлээлт үүсгэсэн томоохон үйл ажиллагаа болж өргөжжээ.
“Цагаан сар-2023” үзэсгэлэн худалдаанд 12 сумын 115 аж ахуйн нэгж байгууллага, иргэн, 12 төрийн байгууллага, банк, санхүүгийн байгууллагууд оролцож бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээгээ сурталчилсан юм.
“Цагаан сар-2023” үзэсгэлэн худалдаанд “Шилдэг өрхийн үйлдвэр эрхлэгч”-ээр Даланжаргалан сумын иргэн Т.Цэрэнбаатар, “Шилдэг жижиг дунд үйлдвэр эрхлэгч”- ээр Сайншанд сумын “Дэлгэр бадам” салон, “Шилдэг сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”- ээр Иххэт сумын Х.Уугандулам, “Шилдэг мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”-ээр Сайншанд сумын “Суман зурхай” ХХК, “Шилдэг гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”-ээр Өргөн сумын иргэн Б.Мөнхтуяа, “Шилдэг сав баглаа боодол нэвтрүүлэгч”-ээр Иххэт сумын иргэн Д.Туяа, “Шилдэг шинийг санаачлагч”-аар Сайншанд сумын “Далт мөнгөн шанд” ХХК, “Шилдэг сум”-аар Дорноговь аймгийн Сайншанд сум тус тус шалгарчээ.
Дорноговийнхон ингэний сүүгээрээ төрөл бүрийн идээ ундаа үйлдвэрлэж олны хүртээл болгожээ. Тухайлбал ингэний хоормог, буцалгаа хэрэглэгчдэд эрэлт ихтэй байлаа.
Энэ жилийн “Цагаан сар-2023” үзэсгэлэн
худалдааны онцлог нь бараа бүтээгдэхүүний нэр төр олширсон, сав баглаа боодлын
ур хийц сайжирсан гэж албаныхан онцлов.