ДУНДГОВЬ: Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат 7 суманд ажиллаж, иргэдээ сонсов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-02-13 17:51:48
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас Дэрэн, Цагаандэлгэр, Говь-Угтаал, Баянжаргалан, Өндөршил, Гурвансайхан, Өлзийт суманд "Иргэдээ сонсъё-2023" өдөрлөг зохион байгууллаа.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат дээрх сумдын иргэдтэй уулзалт зохион байгуулж, ГХБХБГ, Улсын бүртгэлийн хэлтэс, ХХҮГ, ЭМГ сумын иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлжээ.



Тус өдөрлөгийн талаар аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатаас тодруулахад, “Бид 2023 оны жилийн эхэнд аймгийнхаа бүх сумын иргэдтэй уулзаж, тэдний санал бодлыг сонсох, сум орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлох, цаашдын бодлого шийдвэр, үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдэд тусгах саналыг авах зорилгоор сумдад ажиллалаа. Энэ үеэр шийдвэрлэх шаардлагатай зарим асуудлыг орон нутагт нь шийдвэрлэлээ.

Энэ удаагийн явалтаар иргэд сум орон нутагтаа авч чаддаггүй төрийн зарим үйлчилгээг иргэдэдээ хүргэж, мэдээлэл өгөх зорилгоор үл хөдлөх хөрөнгө, газрын харилцаа, улсын бүртгэл, хөдөлмөр, халамж үйлчилгээтэй холбогдох үйлчилгээг үзүүлэх, эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулах ажлыг нэг цэгээс үзүүлэх томоохон баг явж байна.

“Иргэдээ сонсъё-2023” өдөрлөгийн үеэр бид уулзалт зохион байгуулж, сум орон нутагт ажиллаж амьдарч байгаа төрийн албан хаагчид, малчид, ахмадууд, залуучууд гээд нийт иргэдийнхээ үгийг сонсож, орон нутгийн нөхцөл байдалтай танилцан, сум орон нутагт төрийн үйлчилгээ ямар байгааг газар дээр нь үнэлгээ хийж байна. Дэрэн сумаас эхлээд зүүн талын 7 суманд ийнхүү ажиллалаа.



Эдгээр сумдын хувьд өвөлжилт харьцангуй гайгүй байна, гэхдээ өөр аймаг, сумын отор нүүдэл их байгаа. Зарим сумын нутагт үлийн цагаан оготно ихэсч, бэлчээр сүйтгэсэн байгааг иргэд хэлж байна. Тиймээс энэ асуудлаар яаралтай арга хэмжээ авах шаардлага байна. Мөн сумдын хилийн заагийн маргаантай асуудлууд байна.

Төрийн байгууллагуудад хүний нөөцийн хомсдол маш их байна. Энэ нь олон хүчин зүйлээс шалтгаалж байгаа. Төрийн албаны тухай хуулийн асуудлыг ч ярьж байна, сум орон нутагт ирж ажиллаж амьдрах залуучуудын санал санаачилгаас ч хамаарч байна. Хамгийн гол нь хөдөө сумдад ирж ажиллаж, амьдрах залуучуудын цалин, нийгмийн хангамжийн асуудал нэлээд хөндөгдлөө. Аймгийн хэмжээнд энэ асуудлыг шийдвэрлэх гээд хөтөлбөр гаргаад хэрэгжүүлж байгаагаа танилцууллаа. Цаашид энэ чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг өргөжүүлэх шаардлага байна.

Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар сумдад хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа. Чанаржуулах, сайжруулах асуудлууд яригдаж байна, тиймээс гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллагуудтай уулзаж ярилцан, шаардлага хүргүүлэх, анхаарах зүйлүүд байна” гэлээ.




Энэ үеэр ГХБХБГ-аас иргэдэд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгож, шинээр газар өмчлөх, газар эзэмших эрх шилжүүлэх, шинээр газар эзэмших эрхийг баталгаажуулах, газар өвлөх эрхээр шилжүүлэх, кадастрын зураг хийлгэх, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт гаруулах зэрэг 8 төрлийн үйлчилгээг үзүүлжээ.

Харин ХХҮГ-аас асаргааны сунгалт, хүүхдийн мөнгө, жижиг зээлтэй холбоотой асуудлаар зөвлөгөө авсан бол Улсын бүртгэлийн газраас үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл, худалдах, худалдан авах гэрээ хийх, өв залгамжлалаар өмчлөгч өөрчлөх, хаяг өөрчлөх, бэлэглэх гэрээ хийх, тоон гарын үсэг авах зэрэг үйлчилгээг авч, гадаад паспорт, иргэний үнэмлэх захиалсан аж.

Иргэд анх удаа орон нутагтаа гадаад паспорт захиалж, үл хөдлөх хөрөнгө, газрын харилцаа, улсын бүртгэлтэй холбоотой үйлчилгээг авчээ. 




Related news