БАЯНХОНГОР: Уран бүтээлчдийг төвийн мэргэжлийн урлагийн байгууллагынхантай хамтран ажиллах боломжоор хангана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-02-15 08:56:46

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Энх-Амгаланг хүлээн авч уулзав.

Аймгийн удирдлага орон нутагт үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн театр, соёлын байгууллагуудын өнөөгийн нөхцөл, тэдний уран бүтээл, орон нутгийн дэмжлэгийн талаарх мэдээллийг төрийн нарийн бичгийн даргад танилцуулсан. Баянхонгор аймгийн 19 сум суурин газрын соёлын төвүүд иж бүрэн шинэчлэгдэж, тал хувь нь соёл гэгээрлийн үйл ажиллагааг олон нийтэд хүргэх автомашинтай болж, аймгийн дэмжлэгээр зарим хүмүүсийг орон нутагт нь сургаж мэргэжлийн зэрэг эзэмшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм.

Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Энх-Амгалан, "Соёлын яам байгуулагдаад хоёр дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Соёлын салбарт ажиллагсдынхаа цалин хангамжийг нэмэгдүүлэх, алслагдмал нутагт ажиллаж амьдарч буй соёлын ажилтанд таван жилд нэг удаа зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох, ажилласан жилийн нэмэгдлийг энэ оноос олгох зэрэг соёлын ажилтныг дэмжих болно" зэрэг  бодлогын мэдээллийг орон нутгийнханд өгөв.

Аймгийн театр урлагийн байгууллагуудын уран бүтээлчдийг төвийн мэргэжлийн урлагийн байгууллагынхантай хамтран ажиллах боломж нөхцөлөөр хангах, уран бүтээлчдийн түр хугацааны солилцоо хийхэд анхаарч ажиллахаа мөн хэлж байлаа 

Related news