“Tesla” 360 мянга гаруй автомашинаа эргүүлэн татна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
khulan@montsame.gov.mn
2023-02-17 14:01:04

ВАШИНГТОН. /CNBC/. Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани бүрэн автомат жолоодлогын системээр /FDS/ тоноглосон 362 758 автомашинаа эргүүлэн татахаар болсноо пүрэв гарагт мэдэгджээ.


Тус компани хэрэглэгчийн аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэлийг харгалзан уг системээр тоноглогдсон дөрвөн загвараа эргүүлэн татах хүсэлтээ АНУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний газарт /NHTSA/ хүргүүлсэн байна.


Үүнд 2016-2023 оны “Model S”, “Model X”, 2017-2023 оны “Model 3”, 2020-2023 оны “Model Y” загварын тээврийн хэрэгслүүд багтсан бөгөөд “FDS” системийн осол гаргаж болзошгүй доголдлыг засах шинэчилсэн программ хангамжийг суулгах ажээ.


Tesla” автомашинуудаа эргүүлэн татах тухай мэдээлэл цацагдсаны дараа хувьцааны ханш нь нэг хувиар унасан ч удалгүй эргэн сэргэжээ. 

Related news