ӨВӨРХАНГАЙ: Өвөрхангай аймаг үүсэж хөгжсөний түүхт өдөр тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-02-18 13:28:59
Баянхонгор аймгийн Эрдэнэ-Цогт сум. Баянзүрхийн хийд 1909 он

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийг үүсгэн байгуулсан түүхт өдөр өнөөдөр. БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 07 дугаар тогтоолоор одоогийн Баянхонгор аймгийн нутаг дэвсгэр дэх Түйн голын цагаан эрэгт Өвөрхангай аймгийг анх байгуулж байжээ.

Тухайн үед, одоогийн Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт байсан Баянзүрхийн хийд буюу Ламын гэгээн хүрээнд анх төвлөрч, улмаар Түйн голын цагаан эрэг рүү нүүсэн байдаг.


Энэ тухай Өвөрхангай аймагт худалдааны байгууллагыг анх байгуулахад rap бие оролцож хоёр жил шахам сургагчаар ажиллаж байсан Зөвлөлтийн мэргэжилтэн Николой Алексеевич Симагин Би 1932 оны сүүлээр танай аймгийг Түйн голд төвлөрч байхад ирсэн юм. Энэ үед феодалуудын үүсгэсэн эсэргүү ажиллагаа дөнгөж дарагдаад байсан. Эсэргүү нар дэлгүүр мухлагийг сүйтгэж, бараа таваарыг нь дээрэмдчихсэн туйлын хүнд байж билээ. Тэр үед аймаг нь одоогийн Баянхонгор, Өвөрхангай аймгийн өргөн нутгийг хамарч байсан. Байшин барилга багатай. Аймгийн төвд ганц тохитой байшин нь хоршоодын холбооны дүнзэн байшин байсан юм” хэмээн өгүүлжээ.

1934 онд Өвөрхангай аймгийн төв бууриа сэлгэж, одоогийн Арвайхээр хотод шилжин төвлөрсөн бөгөөд Баянхонгор аймгийн зарим сумыг Архангай, Завхан аймагт шилжүүлэн Архангай аймгаас Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Бүрд, Баян-Өндөр, Төв аймгийн Эрдэнэ-Сант сумыг Өвөрхангай аймагт нэгтгэн шинэчлэн зохион байгуулсан байдаг.

 

Өвөрхангай аймаг түүхт 90, 91 жилийн ойн баяраа өнгөрөгч зун өргөн дэлгэр тэмдэглэж, түүхэн он жилүүдийг баринтаглан үлдээсэн юм.

Related news