БАЯНХОНГОР: Түүхийн олон цаг үеийн гэрч Гурван мандал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-02-28 09:03:31

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутагт, сумын төвөөс зүүн хойш 40 гаруй км-т орших баруун хойноос зүүн урагш цувран тогтсон оройг нь тэгш тайрсан мэт сонин тогтоцтой гурван уулыг Гурван мандал хэмээнэ. Тус газар хадны зураг, эртний Түрэгийн руни бичээс тэргүүтэй сонирхолтой дурсгал ихтэй.


Ялангуяа уулын оройн тэгш толигор хаднуудаар олон үеийн хүний бүтээл, хадны сүг зураг, тамга тэмдгийн зүйл арвин. Эдгээр зургуудын дотор буга, согоо, янгир зэрэг ан амьтан, адуу, тэмээ, нохой зэргийн мал адгуус, түүнчлэн нум сумаар зэвсэглэсэн хүмүүс ан гөрөө хийж буй байдал, адгуус амьтныг гаршуулан сургаж буй сэдэв байхаас гадна нум сум, байлдааны сүх, тэрэг, буйл, бурантаг ээрэг дайн тулаан, хөдөлмөрийн багаж зэвсгүүд бий.



Мөн эртний олон овог аймгийн тамгыг дүрсэлсэн нь нэн их бөгөөд тэдгээрийн дотор онгин, сэрээ, хайрлага, чагтан болон янгир тамга байх нь манай бусад нутгийн хадны сүг зургийн дурсгал дотор тааралддагтай дүйх ажээ.


Гурван мандалын хадны зургууд нь Х.Т.Ө II мянган жилийн сүүлийн хагасаар Х.Т.Ө I мянган жилийн тэргүүн хагаст, мөн зарим дүрс нь бүр дундад зууны үед холбогдоно. Харин хурц үзүүртэй зүйлээр сараачин зурсан нарийн зураасан зургуудын дотор хүн амьтан, зэр ээвсэг, орон байшин, тэрэг зэрэг зүйлс дүрслэгдсэн байх ба аль ч талаас нь үзсэн цаг хугацааны хувьд ихээхэн хожуу үед буюу ХIII-ХIХ зууны үеийг хүртэлх цаг үед холбогдох аж.

Related news