АРХАНГАЙ: Аймаг байгуулагдсаны 100 жилийн ойг 7 дугаар сарын 26-28-ны хооронд зохион байгуулах санал хүргүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-02-28 12:04:55

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Архангай аймаг байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх, бэлтгэл ажлыг зохион байгуулах зургаан салбар хороог аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан. Аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид зургаан салбар хороог бүрэн бүрэлдэхүүнээр нь хуралдуулж, үүрэг, чиглэл өглөө.


Засаг дарга хэлэхдээ, “Архангай аймгийн 100 жилийн ой энэ цаг үед амьдарч байгаа Архангайчууд бүхний хувьд ганц л тохиох баяр. Тиймээс нэгдсэн нэг зохион байгуулалтад орж, төр нь төрийнхөө наадмыг ёслол төгөлдөр зохион байгуулах ёстой. Төрийн бус байгууллага, сайн дурын байгууллага, хувийн хэвшлүүдтэй хамтарч, уялдаа холбоотой ажиллаж, 100 жилийн ойгоор ард иргэдийнхээ орлого олох боломжийг бүх талаар дэмжинэ” гэлээ.


Мөн салбар хороодод бүтээн байгуулалтын ажил дараа дараагийн жилүүдэд ашиглагдахаар үр өгөөжтэй байх, эртний эзэнт гүрнүүдийн өлгий нутаг, соёлын үнэт өв, цагаан идээний брэнд, өөрсдийн онцлог зэргийг харуулсан үзвэр үйлчилгээг зохион байгуулахыг үүрэг болголоо. Мөн аймгийн наадмыг түүхт 100 жилийн ойгоос өмнө буюу 7 дугаар сарын 10-11-ний өдөр зохион байгуулж, цол, чимгийг олгох, сумдын баяр наадмыг нэг өдөр зохион байгуулж, тэгш ойтой 6 сумын наадмыг тусад нь нэг өдөр зохион байгуулах, аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг 7 дугаар сарын 26-28-ны хооронд, Хангайн бүсийн хурдан морины уралдааныг хамт зохион байгуулах саналыг Засгийн газарт хүргүүлэх, нутгийн зөвлөлийн уулзалтыг 3 дугаар сарын 12-нд Улаанбаатар хотод зохион байгуулах, аймаг болон Улаанбаатар хотод Архангайн харьяатай бизнес эрхлэгчидтэй уулзалт хийх зэрэг ажлыг зохион байгуулахыг үүрэг болголоо.

Related news