ӨМНӨГОВЬ: Р.Сэддорж: Говийн аялал жуулчлалыг тэмээн соёлтойгоо уялдуулан хөгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-03-01 09:46:32

Даланзадгад  /МОНЦАМЭ/: Тэмээний өлгий нутагт хавар цагийн арга хэмжээнүүд тэмээн өв соёлд тулгуурлан өрнөсөөр байна. Өмнөговь аймаг сүүлийн 10 жилд л гэхэд тэмээний ашиг шим, үнэлэмжийг нэмэгдүүлэх, тэмээчдийн хөдөлмөрийг алдаршуулах зорилгоор 2016 онд 1000 тэмээний уралдаан хийж, Гиннесийн номд бүртгүүлж байсан бол 2021 онд буюу 28 жилийн дараа дахин тэмээчин баатар төрж, улмаар Ханын хэцийн хүрэн, Галбын улаан үүлдрийн тэмээг омог болгон баталгаажуулжээ. Цаашид ч тэмээн соёлыг улам төгөлдөржүүлж, аялал жуулчлалтай холбон хөгжүүлэх, тэмээнээс гарах түүхий эд, бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг бодлогоор дэмжин эрчимжүүлэхэд анхаарах юм.

Нөгөөтэйгүүр өнгөрсөн зуны хувьд өмнийн говь нутагт хур бороогүй гандаж, өвөлдөө цас ороогүй байсаар хаврын сартай золгосон. Малчдын ихэнх нь хил залгаа аймаг, сумын нутагт отроор өвөлжин хаваржиж байна. Өнөөдрийн байдлаар Өмнөговь аймгийн 1000 гаруй малчин өрх отроор явж байна. Аймгийн Засаг дарга Р.Сэддорж тэргүүтэй ажлын баг отрын малчдаа эргэж, амьдрал байдалтай нь танилцаад ирсэнтэй холбогдуулан отрын амьдрал, хөдөө аж ахуй, түүнийг тойрсон бодлогын ажлууд, хөтөлбөр болон тэмээн соёлын талаар ярилцлаа.


-Манай аймгийн хувьд өвөлжилт хүндэрч бусад аймгийн нутагт малчид оторлож байгаа. Энэ хүнд цаг үед отрын малчдаа эргэж, өвс тэжээл хүргэх ажилд аймаг орон нутгийнхан шамдан ажиллаж байна. Хэчнээн малчин өрх оторлож байна?

-Өнгөрсөн зуны хувьд хур бороо багатай байсан учраас Өмнөговь аймгийн нийт нутгаар гандуу зудтай жил боллоо. Иймээс өвөлжилт хүндэрч 1000 гаруй өрхийн 450 мянган мал Өвөрхангай, Баянхонгор, Дундговь аймагт оторлон өвөлжиж, хаваржих гэж байна. Мөн аймгийнхаа өвөлжилт гайгүй байгаа багахан газраар цөөн хэдэн малчин өвөлжиж байгаа. Эдгээр аймгуудын нутгаар оторлож байгаа малчдаа эргэж, харьяа аймаг, сумын удирдлагуудтай уулзаж гэрээ байгууллаа. Малчдаа тав тухтай өвөлжүүлэх талаар хүсэлт өгч, санал бодлоо хуваалцсан.

Тухайн бүс нутгийн удирдлага, малчид сайхан хүлээн авч, ямар нэг хүндрэл бэрхшээлгүй өвөлжиж байна. Ер нь Дундговь, Өвөрхангай, Баянхонгор аймгийн малчид цаг хүндрэхээр мөн манай аймгийн нутагт орж ирж өвөлждөг болохоор харьцангуй нааштай хүлээн авч байгаа. Нийт малчдынхаа өмнөөс талархаж байна.




-Цаг хүндхэн энэ үед отрын малчдад өвс, тэжээлийг хөнгөлөлттэй олгож, хотонд нь хүргэж өгч байгаа нь малчдад их том дэм болж байна?

-Өвлийг хамтын хүчээр өнтэй, хохирол багатай даван туулахын тулд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид 2023 оны эхээр өвс тэжээл худалдан авах гурван тэрбум төгрөгийн төсвийг баталсан. Оторт нүүдэллэж байгаа малчидтайгаа уулзаж, өвс тэжээлийг нь хүргэлээ. Энэ ажлын хүрээнд өвс тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэйгөөр 2 жилийн хугацаанд эргэн төлөх боломжтойгоор малчдадаа олгож, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, малын эмчийн зөвлөгөө, эм түгээх зэрэг хэрэгцээт үйлчилгээг үзүүллээ. Нутаг уснаасаа хол яваа малчид аймаг, сумынхаа мэдээ мэдээллийг авч, хамаатан садантайгаа уулзах шиг сайхан байна гээд их баярлаж хүлээж авлаа.



-Өмнөговь аймгийн хэмжээнд өвөлжилт гайгүй бүс нутаг хаагуур байна вэ?

-Манлай, Ханбогд сумын нутгаар гайгүй, бусад нь нэлээд тааруу, зудтай байна. Ер нь манай говь нутагт нэг сайн бороо орж өнших юм бол гурван жилээ даадаг гэж ахмадууд ярьдаг. Тиймээс ирэх зун цаг сайхан байгаасай гэж хүсэж байна. Энэ жил манай аймгийн баруун таван сумын 100 жилийн ой тохиож байгаа учраас малчид маань нутагтаа эргэн цуглаж ирэх байх. Ирэхэд нь цаг ногоо дэлгэрч байвал мөн сайхаан.


-Говь нутгийн ард түмэн ямар ч цаг үед  өв соёлоо уламжлан тээж, гээгдүүлэлгүй авч ирсэн. Үүний нэг нь тэмээн соёл юм. Хэдхэн хоногийн дараа “Түмэн тэмээний баяр” болно. Тэмээчдийн бахархал болсон энэ баярын онцлог юу вэ?

-Манай хоёр бөхтэй тэмээ бол Монголын говь нутгийн чимэг. Ямар ч цагийн хүндэд сааль сүүгээр тасалдаггүй, хамгийн тэсвэртэй амьтан бол тэмээ юм. Дэлхийн хоёр бөхтэй тэмээний өлгий бол Монголын говь, тэр дундаа Өмнөговь аймаг билээ. Бид бүхэн хоёр бөхт тэмээг өсгөн үржүүлж байгаа малчдад чиглэсэн олон ажил зохион байгуулж байгаа.

Мөн тэмээний тоо толгойг өсгөн үржүүлэх, үнэлэмж, ашиг шимийг нэмэгдүүлэх тал дээр ч тодорхой ажлууд хэрэгжсээр байна. Жишээ нь, төрсөн ботго болгонд мөнгөн урамшуулал олгож эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Цаашлаад тэмээчдийнхээ удмыг таслахгүй байхын тулд удам дамжсан залуу малчдад таван ханатай гэр олгож байна. Өнөөдрийн байдлаар ингэний сүү, хоормог цагаан идээний үнэлэмж өндөр байгаа. Сүү, айраг литр нь 9-10 мянган төгрөгийн үнэтэй. Сар шинийн баярын үеэр 15 мянган төгрөг хүрсэн. Энэ нь тэмээчдийн ашиг орлого өндөр байгааг харуулж байна. Тэмээг өсгөн үржүүлэх чиглэлээр төрийн хэд хэдэн бодлого хэрэгжиж байна. 1-рт, хөдөө аж ахуйн чиглэлийн бодлого, 2-рт, аялал жуулчлалын чиглэлээр, 3-рт, спортын чиглэлээр, 4-рт, ингэ хөөслөх зэрэг Монголын говиос өөр хаана ч байхгүй өв соёлын чиглэлээр бодлого хэрэгжиж байна.

Монгол Улс 465 мянган тэмээтэй.

Энэ тоон үзүүлэлт 180 мянга хүртлээ буурч байсан үе бий. Харин одоогийн байдлаар тэмээн сүргийг бодлогоор өсгөн үржүүлж, тогтмол тоо толгой нь өсөж байгаа нь сайхан юм. Өмнөговь аймаг одоогийн байдлаар 170 гаруй мянган тэмээтэй. Монгол Улсын хамгийн олон тэмээтэй газарт Өмнөговь аймгийн Ханбогд, Мандал-Овоо, Манлай, Баян-Овоо сум, Дундговь аймгийн Өлзийт, Баянхонгор аймгийн Баянлиг зэрэг сум ордог.


-Цаашид тэмээн соёлыг түгээн дэлгэрүүлэх, гадаадад сурталчлан таниулах чиглэлд ямар даацтай ажлуудыг төлөвлөж байна вэ?

-Тэмээнийхээ тоо толгойг сайн өсгөж байгаа гээд Монгол Улсыг дэлхийн тэмээн уралдааны үүсгэн байгуулагч орон болгосон. Тиймээс Саудын Арабын Хаант Улсад болсон тэмээн соёлын нэгдсэн арга хэмжээнд манай аймгийн тэмээн соёлын холбоо оролцсон. Миний бие тус холбооны тэргүүнээр ажилладаг болохоор Монгол Улсаа төлөөлж оролцоод ирлээ. Мөн Арабын Нэгдсэн Эмират Улсад Азийн тэмээн холбооны үүсгэн байгуулагч орон болоод байна. БНХАУ-аас мөн төлөөлөгч очиж оролцсон.

Цар тахлын дараагаар хил гааль нээгдээд ирэхээр тэмээчдэдээ дэлхийн нэг бөхтэй тэмээний уралдааныг үзүүлэх, ашиг шимийг нь судлуулах, мал эмнэлэг, тэмээний төв болон фермүүд хэрхэн ажилладаг зэрэг туршлага судлуулах төлөвлөгөөтэй байгаа. Цаашид Өмнөговь аймгийн төвд тэмээний ноос угаах үйлдвэр барьж байгуулан яаралтай ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Баянхонгор аймгийн төвд тэмээний сүү боловсруулах үйлдвэрийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барихаар судалгааны ажил хийж байгаа.



-Тэмээн соёлыг хөгжүүлэх, үйл ажиллагааг өргөжүүлэх тал дээр олон ажил хийж байна. Сүүлийн үеийн ажлаасаа танилцуулбал?

-Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговь зэрэг олон тэмээтэй аймгуудын тэмээн соёлын холбоод хамтарч ажиллан Монгол Улсын төрийн бодлогод тэмээ уяачдын хөдөлмөрийг үнэлүүлэх асуудлыг оруулж өгөх хэрэгтэй байгаа юм. Саяхан Баянхонгор аймагт болсон тэмээчдийн зөвлөгөөнд өөрийн биеэр очиж оролцсон. Тус зөвлөгөөнд аймгуудын тэмээчдийн төлөөлөл хүрэлцэн ирсэн бөгөөд тэд нийлж “Монгол Улсын тэргүүн уяач” гэдэг цолыг тэмээчдэдээ олгож эхлэх санал гарган Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьсан. Энэ асуудал дээр Ерөнхийлөгчийн Тамгын газар одоо ажиллаж байгаа.


-Тэмээн соёлыг Өмнөговь аймаг илүүтэй өвлөн уламжилж яваа. Өмнөговь аймгаас тэмээчин баатрууд олон төрсөн. Тэмээний ашиг шимийг нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулахын зэрэгцээ аялал жуулчлалын гол түшиц болгон хөгжүүлэх цаашдын зорилтын талаар?

-Тэмээний ашиг шимийг сурталчлан таниулах томоохон арга хэмжээний нэг нь “Ингэний айргийн баяр”. Энэ баяр бол гадаад, дотоодын жуулчид нэг дороос ингэний сор болсон шилмэл бүтээгдэхүүнийг худалдан авах боломжийг бүрдүүлж байгаа юм. Нөгөө талаас тэмээчид боловсруулсан бүтээгдэхүүнээ гар дээрээсээ худалдан борлуулах зах зээлийг нь бүрдүүлж өгч буй хэрэг. Цаашид гадаад худалдааны нээлттэй захтай болно. Дэлгүүртэй хүмүүс нь зөвхөн худалдан борлуулалт хийхгүй. Малчид ч ирээд бүтээгдэхүүнээ борлуулах боломж бүрдэнэ. Энэ ажлыг эхлүүлсэн. Ирэх намраас эхний лангуу иргэдэд үнэ төлбөргүй хүрч эхэлнэ гэсэн үг.

Мөн Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрүүд, өрхийн үйлдвэрлэгчдээ дэмжих, бараа бүтээгдэхүүнийг худалдах, орон нутгийнхаа онцлогийг харуулсан бүтээгдэхүүнийг гадаад, дотоодын аялагчдад сурталчлан таниулах зорилготой “Өмнөговьд үйлдвэрлэв” төвийг орон нутгийн төсвөөр тохижуулан ашиглалтад орууллаа. Тус төвөөр дамжуулан бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулах хүсэлтэй иргэдтэй орон нутаг нээлттэй хамтран ажиллах юм.






-Тэмээн соёлоо аялал жуулчлалтай холбож дэлхийн жишигт нийцэхүйц хөгжүүлье гэвэл ямар бодлого барьж ажиллах вэ?

-Бидний нэг зорьж хийж байгаа ажил бол хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх юм. Манай урд хөрш БНХАУ гадаад руу аялал жуулчлалаар хамгийн их явдаг орнуудын нэг. Монголын аялал жуулчлалыг ч их сонирхдог. Тиймээс хил орчмын аялал жуулчлалыг тэмээн соёлтойгоо уялдуулан хөгжүүлэх боломжтой. Ингэний сүү, айраг нь дэлхий дахиныг зовоож байгаа чихрийн шижин өвчнийг анагаах увдистай. Тиймээс говийн аялал жуулчлалыг тэмээний ашиг шимт бүтээгдэхүүнтэй уялдуулан сурталчлан таниулж хөгжүүлэхээр онцгой анхаарч байна.

Уламжлалт аялал жуулчлал явдгаараа явна. Цаашид тэмээгээр дагнасан тэмээн жингийн цувааг өвөлдөө явуулах, аялагчдын тэсвэр тэвчээрийг шалгасан өвлийн тэмээн аяллыг зохион байгуулах зэрэг сонирхолтой саналууд ирж байгаа. Тэмээний уралдааныг өвөл зохион байгуулдаг. Тиймээс "Түмэн тэмээний баяр"-аа бид 3 дугаар сарын 5,6,7-нд уламжлал болгон тэмдэглэдэг заншилтай. Энэ баярыг Соёлын яам, БОАЖЯ дэмжиж хамтран ажилладаг. Энэ уралдаан нь говийн өвлийн аялал жуулчлалд чиглэсэн томоохон арга хэмжээний нэг юм.


-Таны хувьд соёл гэгээрлийн чиглэлээр их анхаарч ажилладаг. Тухайлбал, Өмнөговь аймгийн 90 жилийн түүх,  Батмөнх даян хааны өлгий нутаг гэдгээр, Даян сэцэн хааны тухай түүхээр гэх мэтчилэн сонсдог ном бүтээсэн нь хүмүүст их хүрсэн. Тэгвэл тэмээн соёлоо өвлүүлэн үлдээх, дэлхийд сурталчлан таниулах чиглэлээр дахин сонсдог ном бүтээх санаа бий юу?

-Байлгүй яахав. Говийнхны хамгийн гол уналга эдэлгээ, ачаа тээвэрт хэрэглэдэг тэмээ ач тус ихтэй амьтан. Сааль сүү нь ч дэлхий даяар алдартай болж тэмээчин эзнээ гал алдуулахгүй авч явж байгаа тэмээ хэмээх бахархалт сүргээ магтан алдаршуулсан дуу, шүлэг бүтээлийг эмхэтгэн олон нийтэд хүргэх чиглэлээр дэмжин ажиллахаар аймгийн төсөвт суулгаж өгсөн. Мөн тэмээний төрөлжсөн мал эмнэлэгтэй болохоор төлөвлөн ажиллаж байна.

Тэмээ тэр бүр өвддөггүй ч тэмээгээ судлах, үүлдэр угсааг нь сайжруулах, ямар тэмээний үүлдэр илүү сайн байгаа зэрэг олон нарийн судалгааг хийх болно. Энэ чиглэлийн эрдэм шинжилгээний ажилтнууд, тэмээ судлалын доктор, эрдэмтдийг урьж ажиллуулан, зөвлөгөө заавар авах юм. Эргээд тэдний хөдөлмөрийг үнэлэх, ажил бүтээлийг дэлхий нийтэд сурталчлан таниулах зэрэг бодлогын ажлуудыг уялдаа холбоотой хийхээр төлөвлөсөн.


-Аймаг бүр өөр өөрийн онцлог талуудыг тодорхойлон бодлого чиглэлээ гарган хэрэгжүүлж ажилладаг. Таны хувьд “Нутгийн хишиг” хөтөлбөрийг хэрэгжүүлж иргэдэдээ ойртуулж ажиллахыг зорилгоо болгож байна. Тэгвэл энэ хөтөлбөрөөс Өмнөговийнхон ямар үр дүнг хүлээх вэ?

-Энэ хөтөлбөр орон нутагтаа их хүрч байгаа хөтөлбөр гэж хэлж болно. Бид хэдэн жилийн өмнө иргэн бүрд 500.000 төгрөгийг олгож байсан. Харин хуулиараа бэлэн мөнгө олгохыг хориглосон. Ер нь бэлэн мөнгө олгож байсан бол иргэд мөнгөөрөө юу хийх байсан бэ гэдгийг их бодож “Нутгийн хишиг” хөтөлбөрийг боловсруулсан. Нэг удаа хэрэглээд л өнгөрөх бэлэн мөнгөний оронд иргэдийнхээ гэрт нь, хашаанд нь орсон хүртээмжтэй ажлыг л хийе. Тодруулбал, хашаандаа, сумандаа сайхан амьдрах боломжоор хангаж, бодлогын хишиг өгье гэж зорьсон. Иргэд зөвхөн уул уурхайг зорих биш, төрийн алба хаагчид хангалттай боломжийн цалин хөлс аваад сумандаа ажиллаж амьдрах боломжоор хангаж өгье гэж ажлаа төлөвлөсөн.

Дэлхийн дундаж иргэний хэмжээнд ахуйн соёлтой байж, модон жорлонгоосоо салцгаая, хүүхдүүдээ усны тэрэг түрүүлэхгүй болгоё. Зөөврийн усны савнаас шалтгаалан хорт хавдар, бусад халдварт өвчний эхлэл тавигдаад байдаг юм биш биз гэсэн айдас байна. Тэгэхээр иргэдийнхээ амьдрах орчны эрүүл ахуйг хамгийн түрүүнд шийдэж, сум болгонд ус цэвэршүүлэх, зөөлрүүлэх ажлын судалгааны ажлыг эрчимтэй хийж байгаа.

Манай говь нутагт ус ховор, зарим газар нь усны чанар их муу байдаг. Бид иргэдийнхээ ундны уснаас нь эхлэн эрүүл, аюулгүй хэрэглээг хүргэхийг эрмэлзэж байна. Гэр хорооллуудад цэвэр, бохирын шугам тавих ажлыг эрчимжүүллээ. Зөөврийн усыг аль болох багасгахыг зорьсон. Цэвэр ус, бохирын систем хоёрыг шийдсэн байхад хашаандаа таатай амьдрах эхлэл нээгдэж байгаа гэж үзэж болно. Эндээс л иргэд эрүүл амьдрах хишгээ хүртэж эхэлнэ шүү дээ.


-Өмнөговь аймаг төдийгүй Монгол Улсын хэмжээнд хорт хавдрын өвчлөл их байна?

-Манай аймаг юунаас болоод байгаа нь мэдэгдэхгүй хорт хавдрын өвчлөлөөр улсын дунджаас хамаагүй дээгүүр байгаа нь харамсалтай. Тиймээс хавдрын тасгийг миний бие санаачлан нэгдсэн эмнэлэгт байгуулж байгаа. Энд бүх л шаардлагатай үзлэг оношилгоог хийнэ.


-Боловсон хүчнийг хэрхэн шийдэв?

-Одоогоор мэргэжлийн нэг эмчтэй ажиллаж байгаа. Цаашид хавдрын нарийн мэргэжлийн эмч нарыг урьж, ажиллах бүрэн боломжоор хангахаар төлөвлөсөн. Жишээ нь, манайд ирж ажиллаж байгаа шүдний эмчийг бид орон сууцаар хангасан. Бусад салбарт мөн ирж ажиллах мэргэжлийн боловсон хүчнийг бодлогоор дэмжинэ. Энэ бодлого хэрэгжиж эхэлснээр уул уурхай руу өндөр цалин дагаад явсан орон нутагт дутагдалтай байгаа мэргэжилтнүүд буцаж ирж байгаа таатай мэдээлэл байна. Үр дүнгээ ч өгч эхлээд байна.


-Урин хавар хөдөөгийн малчдын хувьд ирж яваа цаг. Хот суурин газрынхны хувьд бүтээн байгуулалтын хөгжил эрчимждэг. Ярианы төгсгөлд энэ цаг үед өмнийн говьд өрнөж буй ямар ажил байгааг онцолно уу?

-Бид 4800 гаруй төрийн албан хаагчийнхаа цалин хөлсийг 80-100 хувиар нэмэгдүүлсэн. Энэ нь эргээд үр дүнгээ өгч байна. Жишээ нь, манайд багш нарын орон тоо их дутагдалтай байсан. Цалин нэмэгдсэнээр сургуулиудын багш нарын орон тоо гүйцэж эхэлжээ. Мөн эрүүл мэндийн салбарт 60 сувилагч дутагдалтай байсан. Энэ орон тоонд ч мэргэжилтнүүд эргэн ирж байна.

Төрийн албан хаагчид ажилдаа итгэл зүтгэлтэй, иргэдэдээ хүртээмжтэй чанартай, хүнд сурталгүй үйлчилгээг хүргэхийн тулд цаг ямагт хичээх болно. Нөгөөтэйгүүр хөдөө аж ахуй, аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлж, хувийн хэвшлээ дэмжин, гадаад, дотоодын худалдаагаа нэмэгдүүлснээр иргэдийн маань амьдрал ахуй тогтвортой сайхан болно. Энэ жил жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжин таван тэрбум төгрөгийн зээл гаргаж байгаа. Үүнд 20 гаруй аж ахуйн нэгж хамрагддаг. “Өмнөговьд үйлдвэрлэв” бүтээгдэхүүнийг улам нэмэгдүүлэх, цаашлаад орон даяар худалдах боломж, зах зээлээр хангах зорилготой байна.

Ярианы төгсгөлд онцлон хэлэхэд, манай говийнхон нэр төрөө их боддог, хүнд төвөг болохгүй амьдрахыг хичээдэг хөдөлмөрч хүмүүс. Говь нутагт мал аж ахуйг эрхлэх амаргүй. Ус нэн ховор, эрс тэс уур амьсгалтай. Цас, зуд ямар ч цаг үед буянт мал сүргээ түм бумаар нь өсгөж чаддаг. Уламжлалт мал аж ахуйнхаа гал голомтыг таслалгүй бадрааж явдаг тэсвэр тэвчээртэй хүмүүс билээ. Малчин түмнийхээ нөр их хөдөлмөрөөр бахархахгүй байхын аргагүй юм. Түүнчлэн бид говь нутгийнхаа үнэт баялгаас Монгол Улсын эдийн засгийн 55 хувийг бүрдүүлдэг. Тэгэхээр бид үнэхээр агуу тэсвэр тэвчээртэй, хөдөлмөрч, баатарлаг, эх орны үүдэн хоймроо манадаг хилчин ард түмэн гэдгийг онцлон хэлмээр байна. Ирэх зун цэцэг ногоо дэлгэрсэн, дэлгэр сайхан цаг болохыг хүсэн ерөөе.

-Ярилцсанд баярлалаа.       

 

 

 

 

 

Related news