АРХАНГАЙ: Эрт илрүүлэг үзлэгээр 10 гаруй хавдрын тохиолдлыг эрт үед нь илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-03-02 09:56:57

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Архангай аймагт өнгөрсөн оны 5 дугаар сарын 1-нээс эрт илрүүлэг үзлэг эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт 3370 иргэнийг эрт илрүүлэг үзлэгт хамруулжээ. Үүнээс 18-30 настай 1530 буюу нийт үзлэгийн 45 хувь, 31-45 настай 1335 буюу үзлэгийн 40 орчим хувь, 46-гаас дээш настай 905 хүн байна.

 

Эрт илрүүлэгт хамрагдсан иргэдийн 35 хувь эрүүл байгаа нь 18-30 насныхан давамгай аж. Харин ямар нэг өвчлөлтэй илэрсэн нь 65 хувь байгаа ба үүнд таргалалт, чихрийн шижин, даралт ихсэх, цусан дахь холестриний хэмжээ ихсэх зэрэг эрсдэлтэй хүмүүсийг багтаажээ.

 

Орон нутагт эрт илрүүлэг үзлэг эхэлснээс хойш улаан хоолой, ходоод, бамбай булчирхай, хөх, бөөрний зэрэг арваад хавдрыг эрт үед илрүүлж, эмчилгээг эхлүүлсэн байна. Элэгний хатуурал анх удаагаа оношлогдсон 13 тохиолдол гарч, бүгд эмчилгээгээ эхлүүлжээ. Мөн элэгний В, С вирус шинээр илэрсэн 68 тохиолдол байгаа ба гурав нь С вирусний эмийн эмчилгээгээ эхлүүлж, 10-аад хүн В вирус тоолох шинжилгээндээ орж, эмчилгээг эхлүүлсэн байна.

 

Аймгийн Нэгдсэн эмнэлэг эрт илрүүлэг үзлэг эхлэх үед 34-өөс доош настай 30, дурантай багцад 10 гээд нийт 40 хүнийг өдөрт авахаар тооцоолж, он дуусахад 4000 хүнийг үзсэн байна гэж тооцоолсон ч хамрагдалт хангалтгүй байгааг эмнэлгийн дурангийн эмч Б.Амгалан хэлж байв. Тэрээр шалтгааныг нь иргэд өөрсдөө урилга, хуваарийн дагуу ирэхгүй, ирсэн нь урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан, эрүүл мэндийн даатгалаа төлөөгүй, эсвэл шууд төлчихөөд ирэхээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрх нь 72 цаг дотор нээгдэхгүй байх зэрэг шалтгаанууд зонхилж байна гэлээ.

 

Нэгдсэн эмнэлгийн тухайд сүүлийн үед томоохон албан байгууллагуудын албан хаагчдын хүсэлтээр байгууллагаар нь эрт илрүүлэг үзлэгт хамруулж эхэлсэн ба өнөөдрйин байдлаар “Архангай” МСҮТ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэрэг байгууллагуудын албан хаагчдыг хамруулж дуусчээ. Энэ сараас Нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтэн, албан хаагчдыг хуваарийн дагуу эрт илрүүлэгт хамруулж эхэлсэн байна.

Related news