АРХАНГАЙ: Мөргөлчдийн бохирдуулсан түүх соёлын өв, хөшөө дурсгалыг угааж цэвэрлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-03-03 09:36:22

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. 2023-2025 оныг Монголд зочлох жил" болгон зарласантай холбогдуулан БОАЖ-ын сайд 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр "Эрүүл аюулгүй-Цэвэр орчин" бүрдүүлэх арга хэмжээний тухай албан даалгавар гаргасан.


Энэ ажлын хүрээнд Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Орхон чулуут голын сав газрын захиргааны ажилтан албан хаагчид Булган уулын ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэж, мөргөлчдийн бохирдуулсан түүх соёлын өв, хөшөө дурсгалыг угааж цэвэрлэлээ. Тэд шүтээн болсон уулаа зорин ирж буй иргэдийг орчны бохирдол үүсгэхгүй, цэвэрхэн, соёлтой шүтэж, өргөлөөс гарсан хог хаягдлаа авч явж хэвшихийг уриалж байлаа.



                                           

Мөн албан даалгаврын хүрээнд иргэн, аж ахуй нэгж, албан байгууллагуудыг хамтран ажиллахыг уриаллаа. Тухайлбал,

-Хаврын улирал эхэлсэнтэй холбогдуулан шар усны үерээс хамгаалах, хөрсний бохирдлыг бууруулах, урьдчилан сэргийлэх хүрээнд гэр хорооллын бүсийн гудамж талбай, усан сан бүхий газрын эрүүл ахуйн хамгаалалтын бүсэд болон автозамын дагуух хог хаягдлыг цэвэрлэх,

 

-Орон нутаг эвент арга хэмжээ зохион байгуулахдаа талбайгаас 500 м-ээс доошгүй хол зайд энгийн хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах,

 

-Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд ахуйн хог хаягдлаа ангилан ялгаж, хог хаягдал шатаах, автомашинаа ил задгай угаах, гудамж талбайд нус, цэр, шүлс, тамхины иш хаяхгүй байх, орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх,

 

-Аюултай хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж, бүртгэлжүүлэх,

 

-Аймаг сумдын хог хаягдлын цэгийг хумих, цэгцлэх, булшлах арга хэмжээ авах,

 

-Ариун цэврийн байгууламжийг сайжруулах чиглэлээр арга хэмжээ авах,

 

-Тухайн аймаг орон нутгийн хэмжээнд ил задгай хог хаягдлыг цэвэрлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулахыг уриалсан байна. 

Related news